Б.Баясгалан
11 сарын 18, 2019
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхээр батлаад буй нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавина" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл уг асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2012-2016 онд Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Тухайн үед явуулж байсан эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд тийм байдалд хүрсэн. Тиймээс Монгол Улс авсан өр зээлээ төлж чадахгүйд хүрч, улс орноороо хандив цуглуулж байсан. Мөнгө өгдөг улс ч олдохоо больсон. Улмаар 2017 оны 5 дугаар сард Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн бичиг баримтыг би гаргаж үзлээ. Нийт 111 хуудас баримт бичиг байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол улс, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ямар бодлогууд хэрэгжүүлэхээ жагсаагаад бичсэн. Үүний 15 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн талаар бичсэн байгаа. Үндсэндээ Ерөнхийлөгчийн тавих энэ хориг бол Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй дээрх хөтөлбөрт тавигдаж буй хориг гэж шууд ойлгогдоно. Тэгэхээр дээрх хөтөлбөр зогсоно.
Тиймээс би хориг тавих гэж санаачилж буй хүмүүст юу гэж хэлмээр байна вэ гэхээр, Эдийн засаг дампуураад зогсчихсон байсан тэр үеээ нэг эргээд санаач. Өндөр хүүтэй зээл, бондод дарамтлуулж байсан цаг үеээ санаач. Хоёрхон жилийн өмнөх л нөхцөл байдал шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 7.7 их наяд төгрөгийн өр төлсөн. Энэ хүнд үеээ эргэн санаач гэдгийг онцолж хэлмээр байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэнд хориг тавина гэж байна. Гэтэл энэ хууль бол 2017 оны 4 дүгээр сард батлагдсан хууль. Одоогоос хоёр жил долоон сарын өмнө гэсэн үг. Хориг бол шинээр батлагдсан хууль дээр л тавигддаг" гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.