Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад хууль бус оролцоо байна гэсэн асуудлаар "Зөв хүн электорат" эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын улс төрийн бодлого үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл "Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга улс даяар явагдаж байна. Үүнд иргэд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээр саналаа өгөх ёстой. Гэтэл нийслэлийн хэмжээнд хорооны хэсгийн ахлагч нар иргэдэд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь санал өгч байгаа ноцтой асуудал үүсээд байна. 

Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол иргэдийн оролцоотой, иргэд өөрсдөө мэдэж саналаа өгдөг, улсын төсвөөс тодорхой хувийг нь иргэдийн мэдэлд өгдөг шууд ардчиллын нэг хэлбэр юм. 

2013 оноос хэрэгжиж эхэлсэн Орон нутгийн хөгжлийн сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн. Түүнийг нийслэл болон 21 аймгийн бүх сум, дүүрэгт хуваарилдаг зарчимтай. Үүний эх үүсвэр нь байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийн тодорхой хувийг төвлөрүүлдгээр онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэдийг баялгийг шууд иргэдэд хүргэж, уг төсвийг иргэд өөрсдөө мэдэж зарцуулдаг.

2021 онд тус санд 220.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 31 тэрбумыг нийслэлд зарцуулна. 

Бидэнд ирсэн мэдээлэл гэвэл, иргэдийн утсанд мессэжээр ирж буй 5 кодыг Хэсгийн ахлагч нар нь утасдаад авч байна. Өнгөрсөн оноос нийслэлийн иргэд "Смарт УБ " апп-аар саналаа өгөх боломжтой болсон. Гэвч хороо, дүүрэг нь иргэддээ энэ талын мэдээлэл өгөхгүйгээр утсанд ирсэн кодыг оруулж өмнөөс нь санал өгч байна. 

Санал авах хугацаа гуравдугаар сарын 01-нд эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 01-нд дуусна. Нийслэлийн дүүрэг, хорооны захиргаа энэ сарын 20-н гэхэд иргэдийн тодорхой хувийг санал хураалтад хамруулсан бай гэсэн үүргийг өгсөн байна. Энэ үүргээ биелүүлэх гэж Хэсгийн ахлагч нар иргэдийн өмнөөс санал өгч байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар 100 хувийн ирцтэй санал өгсөн хороод олон болсон байна. 

Насанд хүрсэн бүх иргэн саналаа өгсөн гэж харагдаж буй хороод нь Сүхбаатар дүүргийн 13, Хан-Уул дүүргийн 5, 8, Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо байна. Дэлхийд ингэж 100 хувь саналаа өгсөн тохиолдол байхгүй байх. Мөн 80-аас дээш хувь нь санал өгсөн хороод байгаа. Энэ нь Хэсгийн ахлагч нар иргэдийн өмнөөс санал өгөөд байна гэсэн үг. Энэ бол маш том гэмт хэрэг.

Иймд Сангийн яам болон нийслэл, дүүргийн Засаг дарга нарт иргэдийн өмнөөс санал өгч буй үйлдлийг нэн даруй зогсоох шаардлага хүргүүлж байна. Иргэдийн өмнөөс өгсөн саналыг хүчингүйд тооцож, ийм үйл ажиллагаа явуулж байгаа дүүрэг, хороодын албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна" хэмээлээ.