УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр намынхаа дотоод асуудал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хоёр талд байгаа АН-ын нөхдүүдийг эвлэрүүлэх талаар миний бие өнгөрсөн баасан гарагт зөвшилцөлийн санал гаргасан. Уулзалт хийх санал хүргүүлсэн боловч дарга нар ирсэнгүй. 

Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болно. Гэхдээ намын гишүүд бүх асуудлыг шийддэгийг, бүх эрх мэдэл тэдэнд байгаа гэдгийг ямагт санах ёстой. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар зохион байгуулсан хууль. Тиймээс манай нам өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа. Үүнийгээ ч ямагт санаж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайхуулийг баталж байх явцад хугацаанууд нь хэтэрхий богино байна гэдгийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд хэлсэн. Харамсалтай нь МАН үүнийг санаатайгаар баталсан.

АН хуулийн ямар хайчинд байгаа вэ гэхээр, Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 04 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 02-ныг хүртэлх гуравхан хоногийн хугацаанд болно. МАН бол дарга нараасаа сонгож нэр дэвшүүлдэг. Харин АН жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй. Дээрх хугацаанд амжиж сунгаа явуулна гэдэг нь асуудал. Тиймээс энэ заалт манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл. 

5 дугаар сарын 02-05-нд намууд нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд өгнө. СЕХ 5 дугаар сарын 05-08-нд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрвээ татгазсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн материалын зөрчлийг арилгах 2-хон хоногийн хугацаа олгоно. Нөхөн нэр дэвшүүлэх тухай асуудал огт байхгүй. 

Ингэснээр маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр намтай, хоёр даргатай болоод хоёр нэр дэвшигчийг СЕХ-нд өгөх юм бол СЕХ уг хоёр материалыг аваад У.Хүрэлсүх дарга дээр очно. Очоод та энэ 2-ын хэнийг нь таалах вэ гэж асууна. У.Хүрэлсүх мууг нь таалж, манай нам түүнийг нь нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоёуланг нь таалахгүй гэвэл манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Хоёр нэр дэвшигч авчирсан гэдэг шалтгаанаар хасна.

Ийм хуулийн хайчинд явж буй манай намын нөхдүүд өнөөдөр намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Олон хүн энэ хуулийг мэдэж буй ч мэдээгүй юм шиг явж байна. Би АН-ын хоёр талыг зөвшилцөх уулзалтад хүрээд ир, асуудлыг зохицуулаад өгье, улмаар сунгаагаа болиод намын их хурлаараа нэр дэвшигчээ тодруулдаг болоё л гэж буй юм. Үгүй бол АН энэ олон жилийн түүхэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйд намын гишүүд та бүхнийг яллах болно" хэмээлээ.