Боловсролын дэд сайд Д.Гантулга Боршоо боомтын Багийн бага сургуульд ажиллав

Хүдэрчулууны Хулан
02 сарын 08, 2026

Боловсролын дэд сайд Д.Гантулга Увс аймгийн Давст сумын Боршоо боомтын Багийн бага сургууль дээр ажиллаж байна. 

Тэрбээр тус сургууль цэцэрлэг ашиглалтад орж ажил жигдэрсний дараах үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн сайжруулах талаар багш сурагч, эцэг эхчүүдтэй уулзаж ярилцлаа.

 Өмнө нь тус боомтынхон сургуулийн насны хүүхдүүдээ ойролцоо сумд, аймгийн төвд сургахаар явуулдаг байсан бол бага сургууль баригдсанаар гэр бүл үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн ажиллаж амьдарч байгаа талаар сэтгэл дүүрэн ярьж байв. 

Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг монгол гэрээс эхлээд орон сууцны зориулалттай байранд явуулдаг байсан юм. Мөн багш нарын хувьд хүүхэд цөөн тул сурагч бүртэйгээ тулж ажиллах боломжтойг онцлон хэлсэн юм.

 Боловсролын дэд сайд Д.Гантулга “Бид өөр өөрсдийн онцлогт тохирсон сургуультай болсон нь түүхэн үйл явдал юм. 

Тус сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлсэн ажил юм. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ” гэв. 


Мөн тэрбээр холимог сургалтын арга хэлбэрийн давуу талыг онцлоод цаашид суурьшил ихтэй сум, багууд гээд 60 байршилд багийн бага сургуулийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж байгааг дурьдсан юм. 

Тус багийн бага сургууль нь Eduten хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлээд байгаа аж. Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлсэн билээ.


Багийн бага сургуулийн санаачлагч Л.Лхагвасүрэн “Хүн хүүхдээ дагаж хөгждөг. Нийгмийг нь бурангуй болгоё гэвэл хүүхдийг нь боловсролгүй болго гэж үг бий. Иймээс алслагдсан газар ч хүүхэд боловсрох эзэмших эрхтэй. Жилийн өмнө ярьж байсан ажил маань ийнхүү ажил хэрэг болсонд, хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт амьдарч баяртайгаар суралцаж маш их баяртай байна” гэлээ.




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.