БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэгийн онгоц Улаанбаатарын цагаар өнөөдөр 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Тэдний 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэгийг Улаанбаатарт 17:00 цагт газардахаар төлөвлөгдсөн. БНСУ-аас ирэх зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт 8 автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна гэж Засгийн газраас мэдээллэв.