Сүүлийн үед Pi койны талаар иргэд нэлээн ярьж байна. Уг койны талаар  "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг ийнхүү ярьж байна.

-Сүүлийн үед янз бүрийн койны талаар нэлээн ярьж байна.  Олон улсын зах зээл дээр арилжаалагдаад эхлэхээр танд хэдэн зуу нугарч ашиг өгнө гэж сурталчилдаг. Ямар зорилгоор манай улсын иргэдийн хувийн мэдээллийг цуглуулаад байгааг бид таашгүй. Баталгаатай хэлж чадах зүйл бол сайн үр дагавартай зүйл лав биш.

Уг нь бид Хятад гэхээр Монголыг цөмлөнө, эзэлнэ, уул уурхайг нь аваад алга болно гэдэг улс шүү дээ. Тэгсэн хэрнээ үнэгүй койн өгнө гэхээр бүх хувийн мэдээллээ өгөөд зүгээр сууж байгаад тэрбумтан болчихно гэдэгт итгэн олуулаа хандаж байгаа нь харамсалтай.

Харахад гэмт хэрэг биш юм шиг боловч энэ бол ямар нэгэн хэмжээгээр луйвар болох магадлал өндөр. Тиймээс өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүстээ чадах хэмжээгээрээ сануулж хэлээрэй. Эхний луйвар нь дуусаагүй байхад дараах нь эхэлж байгаа нь энэ. Америк шиг хөгжсөн орнуудад энэ төрлийн ажиллагааг шууд хааж хорьдог.

Pi койн ойрд бас их олон хүн асууж, олон хүн туршиж үзэж байгаа бололтой. 

Хэдхэн зүйл хэлэх гэсэн юм. Нээлттэй блокчэйн байхгүй, яг ард нь юу болж байгаа нь мэдэгдэхгүй.

Үнэгүй олборлож байгаа гэсэн. Тиймээс үүнийг худалдаж авах нь дэмий гэж бодож байна,. Энэ “олборлолт” гэдэг зүйл 100 хувь таны гар утас дээр цугларсан датаг л авч байгаа юм.

Олон сая хүний хувийн мэдээллийг цуглуулахаас гадна тухайн хүний гар утасны бүх үйлдлийг дата болгон авч байна. Орчин үед хамгийн үнэт мэдээлэл дата болсон.  Тэрхүү датаг цааш нь компаниудад өндөр ханшаар нийлүүлж ашиг хийдэг. Үүнийг манайхан бол тоохгүй, үнэгүй койн гээд л дайраад байна.

Ганц зүйл сануулмаар байна, битгий л энэ койныг худалдаж авч хадгалаарай даа. Үнэгүй эд шүү дээ.

Дата цуглуулж байгаа гэдэг нь та интернэтээр юу үзэж , ямар апп хэрэглэж,  youtube дээр юу үзэж , гадуур хаагуур явахыг, google- ээр юу хайж байгаа гээд бүхий л мэдээллийг цуглуулж байна гэсэн үг. Ухаалаг утсаараа хийж байгаа бүх үйлдлийг чинь хуулж авна гэж ойлгоход болно. 

Энэ юунд хэрэгтэй вэ гэж үү танд харагдах рекламыг танд тохируулна, мөн тохирсон тэр компануудад тэр рекламны орон зайг зарж байна л гэсэн үг. Мэдээж сонгуулийн үед энэ дата маш өндөр үнэд хүрдэг.