Х.Оргил
05 сарын 21, 2019
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2019 оныг “Ажлын байр, боловсрол, ур чадвар” уриан дор зарласан. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын салбарын “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” улс орон даяар эхэллээ.
Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.
Иймд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн 12 сургалтыг энэ сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд нийслэл Улаанбаатар хот, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй сургалт улс орон даяар үнэ төлбөргүй явагдах бөгөөд тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх , тогтвортой ажлын байраар хангах зэрэг хүрээнд Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд нэгдсэн байдлаар ирэх 6 дугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулагдана.
Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөн бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэнэ гэдгийг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан хэллээ.
Тус сургалтад 13-15 мянган иргэд хамрагдах бөгөөд үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сургалтад хамрагдах мэргэжил:
Тус сургалт Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд “Holiday Inn”, “White house”, “Ramada”, “Blue sky”, “Novotel”, “Туушин”, “Grand Hill”, “Баянгол”, “Зүчи”, “Наранбулаг”, “Royal mountain”, “Corporate convention centre”, “Royal house”, “Улаанбаатар” зэрэг томоохон зочид буудлуудад зохион байгуулагдах бол Тэрэлжийн бүсэд зургадугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Red rock”, “Terelj star”, ”Terelj world resort” амралтын газарт зохион байгуулагдана.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.