Ч.Сумъяабазар
10 сарын 22, 2026
Дундговь аймаг энэ жилийн үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцоно.
Монголын аялал жуулчлалын салбарын томоохон арга хэмжээний нэг “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж, Монголын 21 аймаг болон гадаадын улс орнуудын аялал жуулчлалын байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Монголын аялал жуулчлалын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ удаа аялал жуулчлалын ирээдүй, хиймэл оюун ухаан, цахим технологи, бизнесийн өсөлт болон тогтвортой аялал жуулчлалын асуудлыг онцолж байна.
Үзэсгэлэнд 300 гаруй байгууллага оролцож, дотоод, гадаадын 20 мянга гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Мөн нийт 53 арга хэмжээ болох бөгөөд үүнд 100 гаруй бизнес уулзалт, 20 гаруй олон улсын болон дотоодын илтгэгчийн оролцоотой арга хэмжээг зохион байгуулахаар мэдээлсэн байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцох Дундговь аймаг нь говийн байгалийн тогтоц, нүүдлийн соёл, уламжлалт ахуй, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой бүс нутаг юм. Тус аймгийн Цагаан суварга, Бага газрын чулуу, Их газрын чулуу, Сүм хөх бүрд зэрэг байгалийн дурсгалт газрууд дотоод, гадаадын аялагчдын сонирхлыг татдаг.
Үзэсгэлэнд 21 аймгийн төлөөлөл оролцож, өөр өөрийн бүс нутгийн аяллын маршрут, байгалийн болон соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахаар төлөвлөсөн байна.
Буриад, Өвөр Монголтой аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ
Энэ жилийн үзэсгэлэнгийн олон улсын оролцоонд Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Буриад, Эрхүүгийн бүс нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид анхаарал хандуулж байна. Тухайлбал, ОХУ-ын аялал жуулчлалын мэдээллийн Baikal Go цахим хуудсанд Буриад болон Эрхүү мужийн тур оператор, зочид буудал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын төлөөлөгчдийг ITM Mongolia 2026 үзэсгэлэнд оролцохыг урьсан мэдээлэл нийтэлжээ.
Мөн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны INNER MONGOLIA CHINA TRAVEL аялал жуулчлалын байгууллага Хятад улсын аялал жуулчлалын талаар танилцуулах юм байна.
Үзэсгэлэн аравдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.