Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн 3-р сард Австралийн Холбооны Улсад айлчилсан билээ. Энэ үеэр Австралийн Холбооны Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзсан. Уулзалтаар Австрали улсад суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг уламжилсан юм.

Австралийн талаас энэхүү хүсэлтийг хүлээн авч жил бүр 10 оюутныг хамруулдаг байсан тэтгэлгийн тоог 15 болгон нэмэгдүүлжээ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр манай улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 орчим сая австрали долларын буцалтгүй тусламж олгож, 650 гаруй хүнийг магистр, докторын сургалтад хамруулаад байгаа юм.