Сайн дурын ажлын ач холбогдол 

Америкийн их сургуулиудад “арын хаалга” байхгүй. Тиймээс өөрөө л хичээхээс өөр ямар ч гарцгүй. 

Их сургууль, коллежууд дүн, шалгалтын онооноос илүү хүүхдийн хүмүүжил, хэрхэн зөв хүн болон төлөвшиж байгааг илүүтэй сонирхдог. Тэдний нийгэмд тустай ямар үйл хийсэн, хэрхэн бусдад тусалсан, юуг яаж өөрчилсөн, яаж үлгэр дуурайлал болсон гэдгийг “хичээлээс гадуурх ажил” гэсэн нэлээн том зайд юу бичсэнээр нь дүгнэж тодорхойлдог. 

Энэ жил хүүхдүүд нь 11, 12-р ангид орж буй эцэг эхчүүд тэднийгээ зуны амралтаар нь зүгээр суулгаагүй нь лавтай. Тэдний нэгэн адил хүү бид хоёр ч бас хичээл дуусахтай зэрэгцээд энэ зуны хийх ажлуудаа төлөвлөн, хэдийн ажилдаа орсон. 

Хүүгийн маань сургуулиас төгсөх үедээ нийт 200 цагийн сайн дурын ажлыг заавал гүйцэтгэсэн байх ёстой гэсэн үүргийг ахлах сургуульд ордог жил нь өгсөн тул тэр цагаас хойш нийгэмд тустай үйл хэрэгт тасралтгүй оролцсоор ирсэн. 

Ээж хүний хувьд би үүнд их талархалтай ханддаг. Учир нь зөвхөн сайн сургуульд орох гэж эсвэл төгсөхөд нь л хэрэгтэй гэдэг утгаар биш сайн дурын ажил хийснээр хүүгээ хэрхэн нөхөрсөг, тусархуу, олж мэдсэнээ бусадтай хуваалцдаг болж өсөж байгааг харах сайхан байдаг. Үнэхээр ч хүүхдийн хүмүүжилд, бие хүн болон төлөвшихөд нь эерэг нөлөө үзүүлдэг. 

Зарим хүн сайн дурын ажлыг нэг л чиглэлээр дагнаж хийвэл болно гэж ойлгодог. Гэтэл маш олон чиглэлд төрөлжүүлэх ёстой юм билээ. 

Тухайлбал хүмүүнлэгийн чиглэлээр ахмадуудад туслах, байгаль экологийн чиглэлээр далайн эрэг, гол горхи цэвэрлэх, боловсролын чиглэлээр үе тэнгийнхэндээ хичээл заах гэх мэт янз бүрийн ажлуудыг хийвэл тустай. 

Би нэгэн Америк хүүгийн сайн дурын ажлын жагсаалтыг харсан юм. Тэрээр Берклигийн их сургуульд тэнцсэн бөгөөд сурлагын голч дүн, шалгалтын оноо нь тийм ч анхаарал татахаар биш байв. Гэтэл түүний сайн дурын ажлын жагсаалт нь үнэхээр гайхалтай байсан. А4 цаасны 2 нүүр дүүрэн дандаа сайн дурын ажлууд. 

Тэрээр сайн дурын ажил хийх явцдаа өөрийгөө хэрхэн нээж, юу олж суралцсанаа, яаж өөрийгөө сайн тал руу өөрчилснөө зохион бичлэг дээрээ бичиж, тэр нь дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн ярьсан юм. Тэр хүүгийн яриа олон монгол хүүхдэд нэгийг бодогдуулсан билээ. 

Энэхүү бичвэртээ эцэг эхчүүдэд бага боловч санаа авч хэрэгжүүлэх, хүүхдүүддээ зөвлөхөд нь нэмэр болох үүднээс хүүгийнхээ энэ зуны турш хийж буй ажлуудыг илэн далангүй бичлээ. 

Хүү маань эмнэлэг дээр 120 цагийн сайн дурын ажил хийж байна. Эмч болох хүсэлтэй тул мэс заслын тасагт хуваарилагдсан. Харин инженер, эдийн засагч болох хүүхдүүд техник, захиргаа, санхүүгийн албанд сайн дурын ажил хийж байгаа. 

Мөн Украйнаас ирсэн дүрвэгч хүүхдүүдэд тооны хичээл зааж, хотынхоо нийтийн номын санд долоо хоногт 3 удаа сайн дурын ажил хийж байна. Үүний сацуу монгол коммунитидаа тусалж, үеийн монгол хүүхдүүдийнхээ хамт наадмын зохион байгуулалтын ажилд оролцож байгаа. 

Эдгээр ажлуудын хажуугаар шатрын тэмцээнүүдэд оролцдог. Энэ жил тэрээр сургууль дээрээ шатрын клуб нээж, олон хүүхдүүдийг шатрын спортонд сонирхолтой болгоход нь тусалсан. 

Энэ мэтчилэн өөрийгөө академик болон нийгэм, хувь хүн талаасаа хөгжүүлэх сайн дурын ажлуудыг хийж байна. Эдгээрээс санаа аваад дараа дараагийн жилүүдэд үүнээс ч олон чиглэлээр сайн дурын ажлууд хийж, хүүхдүүдээ бие даасан, зөв иргэн болоход нь туслан чиглүүлээрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөе.

Энэ зуны турш бид 11 төрлийн нийт 75 цагийн сайн дурын ажлыг Лос Анжелес дахь ахлах сургуулийн хүүхдүүдтэй хамтран хийхээр төлөвлөсөн байгаа. Сайн дурын ажил хэрхэн олох, хийх тухай харамгүй зөвлөхөд бэлэн.