Х.Оргил
05 сарын 24, 2019
АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болж байна.
Хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна
АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
МХЕГ-т өгсөн Зөвлөмжийн биелэлтийг шалгав
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдэгдэж, эрүүгийн хэргийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин ийм гэмт хэрэг давтан гарахгүй байх чиглэлээр АТГ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд МХЕГ-т зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийсэн. МХЕГ-аас экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь хөндлөнгийн хяналтгүй хийгддэг байсныг өөрчилж байгаа юм байна. 11 ажлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Авлигад өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлон ажиллаж эхэлжээ. Цаашид зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг нэн даруй батлуулах шаардлагатай байгаа.
Төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоожээ
АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож гаргаад байна. Энэ жилийн хувьд улсын 6 эмнэлэг, 3 их сургууль, төрийн өмчит 6 хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан. Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл, тэр төрийн байгууллагад байгаа “авлигын өвчний онош”-ийг тогтооно гэсэн үг. Тавьсан оношийн дагуу “эмчилгээ” хийнэ, тэр эмчилгээ нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байх болно. Авлигын эрсдлийн тайланг ирэх сард олон нийтэд нээлттэй танилцуулна.
1151 нийтийн албан тушаалтан авлигын эсрэг сургалтад хамрагдаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн төвөөр дамжуулан нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг бүтэн өдрийн сургалтыг 10 удаа зохион байгуулж 831 албан тушаалтныг хамруулсан байна. Үүнээс гадна яам, агентлагийн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газарт шинээр байцаагчаар томилогдсон албан хаагч нарт, Онцгой байдлын ерөнхий газрын орон нутгийн салбар, нэгжүүдэд ажилладаг санхүүгийн ажилтнууд, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 260 албан хаагчид “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт хийв.
Төрийн 33400 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд танилцуулав
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 33400 гаруй албан тушаалтны 2018 онд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын https://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа. Албан тушаалтнуудын ХОМ-ийг ийнхүү сайтад байршуулж танилцуулж байгаа нь иргэд, олон нийт хөрөнгө, орлогын мэдүүлгийг унших, хянах, мэдээлэх, санал шүүмжлэлээ хэлэх, шүгэл үлээх бололцоог олгож буй явдал юм. Тиймээс иргэд, олон нийтээс албан тушаалтнуудын ХОМ-ийн талаар гомдол, мэдээллээ ирүүлэх, АТГ тэдгээрийг хүлээж авах нь бүрэн нээлттэй. Цаашид батлагдсан хуваарийн дагуу УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгасан, 65 өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэв. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хуульд заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
Одоо АТГ нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Энэ сард 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 414 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээр нь хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэрэг байна.
Ямар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн бэ?
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.