Apple” компанийн шинэ зээлийн картыг арьс болон жийнсэн материалд хадгалахгүй байхыг тус компанийн мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

АНУ-д наймдугаар сараас үйлчилгээнд нэвтэрч буй уг картыг арьсан түрийвч, жийнсэн хувцасны халаасанд хийсэн тохиолдолд эргэж сэргэхгүйгээр өнгөө алдаж магадгүй ажээ. Титанаар хийсэн цагаан өнгөтэй “Apple Card”-ыг бусад картуудтай эн зэрэгцэх зорилгоор үйлчилгээнд нэвтрүүлжээ. 

Харин уг карт маш амархан гэмтдэг хэмээн зарим хүн шүүмжилсэнтэй холбогдуулан “Apple компаниас дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн “Apple Card”-ыг хэрхэн хадгалж, авж явах талаарх зөвлөмжийг олон нийтэд танилцуулсан байна. Үүнд дурдсанаар, уг картыг бусад картын хамт хадгалсан тохиолдолд зурагдаж, гэмтэж болзошгүй ажээ. 


“Би өөрийнхөө картыг хоёр сарын турш арьсан түрийвчиндээ байлгахад өнгөө алдчихсан байсан” гэж “Apple компанийн нэгэн ажилтан твиттерт жиргэжээ. “Apple Card”-ыг одоогийн байдлаар зөвхөн АНУ-ын хэрэглэгчид ашиглах боломжтой байгаа бөгөөд бусад улс оронд хэзээ нэвтрэх эсэх нь тодорхойгүй байна. 


АНУ дахь хэрэглэгчид “iPhone” гар утсаараа бүртгүүлснээр “Apple Card”-ын дижитал хувилбарыг хэдхэн минутын дотор захиалан авах боломжтой бөгөөд уг картаа “Apple Pay”-ыг дэмждэг дэлгүүрүүдэд ашиглаж, худалдан авалт бүрийнхээ тодорхой хувийг хуримтлуулах боломж бүрджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг