АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд ирж уур амьсгалын илтгэл тавина

Peak.mn
08 сарын 18, 2025

Нобелийн энх тайвны шагналт, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Аль Гор ирэх аравдугаар сарын 2–3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг зохион байгуулах гэж байна.

Тэрбээр Монголд биечлэн ирж, уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг баримт, шинжлэх ухаанд тулгуурлан ярихын зэрэгцээ шийдэлд чиглэсэн дэлхийн туршлагыг танилцуулах юм.

Сургалтын агуулгад, 

  • Иргэдийн оролцоонд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлэх, 
  • Эрчим хүчний бие даасан байдлыг хангах улс төрийн хүсэл эрмэлзлийг бий болгох, 
  • Сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан нүүрсний эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзах зэрэг сэдэв багтжээ. 

Үүнээс гадна, цэвэр эрчим хүчний санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэж, уур амьсгалын шударга ёсны цогц асуудлуудыг хөндөх бөгөөд үүнд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уламжлалт нүүдлийн соёл, өв уламжлалыг хамгаалах, мөн Монголын тал хээрт нутагшсан биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд цөлжилттэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвүүдийг онцлох юм.


Сургалтад оролцогчид АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Аль Гораас Монголын онцлог, жишээг онцолсон уур амьсгалын шинжлэх ухаан, нөлөө болон шийдлийн талаар танилцуулга яриаг шууд сонсохоос гадна The Climate Reality Project-ийн гүйцэтгэх захирал Филлис Каттиногийн илтгэлийг сонсож, шийдэл санал болгогч зочин илтгэгчидтэй харилцан туршлага солилцоно.

Ташрамд дурдахад, сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид дэлхий даяар 3.8 сая манлайлагчийг нэгтгэсэн "Climate Reality Leadership Corps" хөтөлбөрийн бүрэн эрхтэй гишүүн болох аж. Энэ сүлжээнд уур амьсгалын үйл хэрэгт бодитой өөрчлөлт авчрахын төлөө хүчээ нэгтгэгч манлайлагч идэвхтнүүд, бизнесийн төлөөллүүд, энтрепренерүүд, сонгогдсон төлөөлөгчид, орон нутгийн иргэд, оюутнууд зэрэг нийгмийн бүх түвшний оролцогч талууд багтдаг гэдгээрээ онцлог.

Сургалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг "The Climate Reality Project"-ийн албан ёсны цахим хуудсаар бүртгэнэ. Сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах бөгөөд англи хэл дээр явагдах хэсгүүдэд мэргэжлийн орчуулга хийгдэнэ.

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 1-нийг хүртэл явагдана.

Веб: https://www.climaterealityproject.org/


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.