Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхэд залуусын дуу хоолойг нэгтгэж, тэдний оролцоог дэмжих, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эерэгээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр нээлтээ хийлээ.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа юм. 

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын 9-11-р ангийн 77 сурагч, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урьж, нийт 91 сурагч хамрагдаж байна. 

Бид энэхүү хөтөлбөрт тэнцэж, үе тэнгийнхнээ манлайлан, дуу хоолойгоо хүргэхээр зорьж байгаа сурагчидтай ярилцаж, тэдний саналыг сонслоо.

Ө.Мөнгөнзул: Далайд гарцгүй болохоор уур амьсгалын өөрчлөлт биднээс хол сэдэв гэж боддог. Үнэндээ бидний амьдралд нөлөөлөөд эхэлчихсэн шүү

Бичлэг үзэх: 

Монгол улс далайд гарцгүй учрааас цас мөс хайлж байна, усны түвшин нэмэгдэж байна гэхээр хол сонсогддог байж мэдэх юм. Гэхдээ Монголд цаг уурын өөрчлөлт явагдаж байгаа нь надад шууд мэдрэгддэг. 

Би Говьсүмбэр аймагт суралцдаг юм л даа. Говьд маань шар шороон шуурга шуурах давтамж нь нэмэгдэх, цөлжих, элсний нүүдэл ихсэх, маш их халах зэрэг байгалийн үзэгдлүүд удаа дараа тохиолдсон учраас байгаль орчны сэдэвт анхаарлаа хандуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.  

Тиймээс “Өсвөрийн парламент хөтөлбөрт өргөдлөө илгээж, хамрагдсан”. Түүнчлэн өнгөрсөн 9 дүгээр сард АНУ руу, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан “Generation unlimited” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсынхаа хүүхэд залуучуудыг төлөөлж оролцоод ирсэн. 

Заавал насанд хүрснийхээ дараа нийгэмдээ өөрчлөлт оруулна гээд хүлээж суух шаардлага байхгүй шүү дээ. Өсвөр үеийн хүүхдүүд ч хоорондоо нэгдээд, өөрчлөлт авчирч чадна.


Э.Батжаргал “Хогоо ангилж хаядаг, голд машинаа угаадаггүй үр хойчоо боддог нийгмийг хүсэж байна”

Бичлэг үзэх: 

Манай Монгол эрчим хүчний дутагдалтай, асуудалтай улс. Гэвч үүнд бидний буруу зуршлууд бас нөлөөлдөг. Жишээ нь хайнга хандаж цахилгаан хэрэгслээ болоод WIFI-аа салгахгүй унтчихдаг. Тэдгээр нь оройжин маш их тог “идээд” хонодог. 

Цахилгаан станц ч барихгүй энэ хэвээрээ яваад байвал 20, 30 жилийн дараа Монгол улс цахилгаангүй болбол би лав гайхахгүй.

Бид эрчим хүчээ хэмнэхийн тулд хийх ёстой хамгийн энгийн үйлдэл нь ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслээ салгаж сурах явдал юм. 

Би “Өсвөрийн парламент” хөтөлбөрөөс сурж мэдсэн зүйлсээ сургуулийн найз нөхдөдөө зааж, үлгэрлэе гэж бодож байгаа. Харин томчуудын зүгээс хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байгаасай гэж хүсэж байна. 

Орчин үеийн соёлтой иргэн байна гэдэг нь хогоо ангилан хаяж чаддаг, гол машинаа угаадаггүй, үр хойчдоо сайхан ирээдүй үлдээхийг хүсдэг хүмүүсийг хэлдэг гэж би ойлгодог.


З.Билгүүнбадрах “Бидний хийсэн жижигхэн гэлтгүй буруу үйлдэл маань бусад хүмүүсийн амьдралд маш томоор нөлөөлдөг юм шүү”

Бичлэг үзэх: 

Би Дундговь аймагт амралтаараа очсон юм. нутгийн хүмүүс надад говийн аймагт зуны улиралдаа ердөө 2-3 удаа бороо ордог тухай хэлсэн. Бороо орохгүйгээс үүдэн ган гачиг тохиолдох, хөгжлийг нь сааруулах зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг юм билээ.

Гэтэл жижиг гэлтгүй бидний хийж буй буруу үйлдлүүд цөлжилтөд нөлөөлж байгаа шүү дээ. Шууд утгаараа бид тэдгээр хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж байна гэсэн үг. Үүнийг маш сайн ойлгосон болохоор “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрөөр дамжуулан үеийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлье гэж шийдсэн гэлээ.

Цаашид оролцогчид хөтөлбөрөөр дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон хүний эрх, парламентын боловсрол, ур чадварт суралцах юм.