Дэлхийн удирдагчид өнгөрсөн жил Шотландын Глазго хотод цуглаж, дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, улс орнууд дор бүрнээ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хэлэлцсэн билээ. 

Уулзалтын үр дүнд улс орон бүр өөрсдийн чадах хэмжээнд нүүрс хүчлийн хийн ялгарлыг сааруулах, цөлжилттэй тэмцэх, нүүрсний хэрэглээг багасгах амлалт өгсөн юм. 

Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтаас хойш жилийн хугацаанд улс орнууд тавьсан зорилт, өгсөн амлалтдаа хүрч чадсан эсэхийг тодруулъя.

Нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөө боловсруулна


НҮБ-ын судлаачдын үзэж буйгаар сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал асар хурдацтай явагдаж, дэлхийн температур 1.5 градусаар нэмэгдэж байгаа аж. 

Хэрэв дэлхийн дулаарал 1.5 градусаар дээш хэмд явагдаж эхэлбэл нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрэх юм. 

Тиймээс гамшгийн хэмжээнд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх гол арга бол боломжит бүх нөхцөлөөр нүүрс хүчлийн хийн ялгарлыг сааруулах юм. 

Иймд өнгөрсөн жилийн уулзалтаар улс орнууд нүүрс хүчлийн хийг бууруулах бодит төлөвлөгөө боловсруулж, НҮБ-д илгээх шийдвэрт хүрчээ. 

Уг төлөвлөгөөг илгээх эцсийн хугацаа нь энэ оны 9 сар байсан бөгөөд 196 орноос дөнгөж 22 нь илгээжээ. 

НҮБ-ын судлаачид улс орнуудын илгээсэн төлөвлөгөөнд үнэлгээ хийсэн үр дүнгээс үзэхэд нүүрс хүчлийн хийн ялгарал 2030 он гэхэд дахин 10 гаруй хувиар өсөх гэнэ. Гэвч хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын температурыг 1.5 градусаас доош хэмд барихын тулд хийн ялгарлыг дор хаяж 45 хувиар бууруулах зорилттой тулгараад буй юм.

Нүүрсийг эрч хүчний эх үүсвэрээс хасаж, сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ


Улс орнууд нүүрс шатааж эрчим хүч гарган авч буй нь дэлхий нийтийн жилд ялгаруулж буй нүүрс хүчлийн хийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг. Тиймээс улс орнууд нүүрсийг хэрэглээнээс хасаж, аль болох сэргээгдэх эрчим хүч ашиглах зорилт дэвшүүлсэн билээ. 

Гэвч Орос-Украины дайны улмаас дэлхий нийт тавьсан зорилтоосоо ухарсан жил боллоо.  

Учир нь Европын улсууд дайнтай холбоотойгоор Орос улсад эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж, ОХУ нь байгалийн хий, газрын тосыг худалдан авахаа больсон юм. 

Энэ нь эргээд улс орнууд эрчим хүчний дутагдалд орох, бензиний үнэ нэмэгдэх, сэргээгдэхгүй эх үүсвэрээс эрчим хүч гарган авах нөхцөл байдлыг үүсгэж буй юм.  

Цөлжилттэй тэмцэнэ 


Хуралдааны төгсгөлд нийт 100 гаруй улс орон цөлжилттэй тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Дэлхий дээрх ой моднууд нь жил бүр ялгарч нүүрс хүчлийн хийн 10 хувийг өөртөө шингээж, цэвэршүүлж байдаг ажээ. 

Сонирхолтой нь дэлхийн ой моддын тэн хагас нь ОХУ, Бразил, Канад, АНУ, БНХАУ зэрэг ердөө таван улсад байрладаг. Тиймээс эдгээр улсуудын хүчин зүтгэл цөлжилттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн 4-р сард Засгийн Газрын өмчид харьяалагддаг ой моддыг хамгаалах тушаал гаргажээ.Гэвч Амазоны ширэнгэн ойн тал хэсэг байрладаг Бразилд цөлжилт 48 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. 

Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн дулааралтай тэмцэж буй хөгжиж буй орнуудад эдийн засгийн тусламж үзүүлнэ


Нүүрсний хэрэглээг багасгах, ногоон технологид хөрөнгө оруулж, хөгжүүлэлт хийх нь эдийн засгийн хувьд нэлээдгүй төсөв шаарддаг ажил юм. 

Тиймээс өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудад 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд Англи, Япон, Европын Холбооны улсууд өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэйгөө тэмцэх төсвөө нэмсэн байна. 

Жишээ нь АНУ 2024 онд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажилд 11.4 тэрбум ам.доллар төсөвлөжээ.  

Энэ жилийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод болох юм. Манай улсаас Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уулзалтад оролцож, илтгэл тавина.