УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент өнөөдөр Анхдугаар чуулганаа хуралдуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, Төрийн дууллыг эгшиглүүлснээр Анхдугаар чуулганыг нээв. УИХ-ын тухай хуулийн дэгт зааснаар насаар хамгийн ахмад гишүүн болох Х.Баделхан УИХ-ын даргыг томилогдох хүртэл чуулганы хуралдааныг даргалж байна. 76 мандатын эрх авсан гишүүн нэг бүрчлэн УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дөнгөж сая дуусаж, чуулган завсарлалаа. Улмаар тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлж буй юм.
Анхдугаар чуулган 16.00 цагаас үргэлжилж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
- Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
- Ерөнхий сайдыг томилох;
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
- Засгийн газрын гишүүдийг томилох.
- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.
- Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
- Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.