УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

Бид Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл оролцоогүй. Үүний учир шалтгаан бол ерөнхийлөгчийн саналыг тусгахыг хүлээж байсан. Ерөнхийлөгч өөрийн саналаа албан ёсоор орууллаа, АН ч бас саналаа тусгах гэж байна. Бид энэ хуулийн төсөл дээр ерөнхийлөгчтэй хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Хэлэлцүүлгийг ажиглахад суурь зарчмыг ойлгоогүй зүйл нэлээн ажиглагдаж байна. 

Хэд хэдэн зарчмын асуудал байна. 

Бичлэг үзэх:

1. Сонгуулийн тогтолцоо: Сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонголт. УИХ-ын гишүүдийн хариуцлага, Засгийн газрын хариуцлагын асуудал ямар бүрэлдэхүүнтэй УИХ бүрдэхээс хамаардаг. Тийм учраас Үндсэн хуулийг шинэчлэхдээ УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Үүн дээр АН нэгдмэл байр суурьтай байна.

2.Тунхагийн шинжтэй байсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөх хандлага өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлтэд тусгагдаагүй байгаа юм. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын асуудал. Гэтэл зөвхөн төрийн төсөв тэр дундаа УИХ-ын гишүүдийн төсвийн нэмэх болон хасаж болохгүй гэсэн заалт орж ирж байгаа нь улс орны хөгжлийн эсрэг заалт болчихлоо. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдлын уршиг болно. Бид зах зээлийн эдийн засагт социалист аргаар хандаж болохгүй. Энэ эмх замбараагүй байдал, авлига, төр рүү шургалдаг байдлыг зогсоохын тулд эдийн засгийн бодлогоо Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг батлаж тусгахыг дэмжиж байна.

3.Хотын статусын асуудлыг албажуулах ёстой. Хот нь аймаг нийслэлтэй ижил нутаг дэвсгэр, засаг захиргаатай байж нийгэм эдийн засгийн хэсэг болно.

4.Төрийн албаны тухай заалтуудыг харах ёстой. Өнөөдөр төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд заавал оруулж өгөх ёстой. Шалгуур зарчмыг ч бас оруулмаар байна.

5.Шүүхийг томилох асуудлыг ганцхан УИХ  дангаараа хариуцах нь буруу. 

6. Баялгийн сангийн асуудал: Баялгийн тухай ойлголтыг нэгтгэмээр байна. Байгалийн баялаг гэсэн ерөнхий нэр томъёоноос бид татгалзах ёстой. Баялгийн сан байгуулах тухай асуудал дээр АН ерөнхийлөгчтэй нэг байр суурьтай байгаа. Газрын доорх эрдсийг баялаг болгосны дараа үнэ цэнийг нь, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах, ард иргэдийн амьдралыг сайжруулах, түүний үр шимийг иргэдэд шудрагаар хүртээх зарчмыг дэмжиж байна. 

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дээрх зарчмыг Ерөнхийлөгчийн тавьсан саналтай хамтатган дэмжиж оролцоно. Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхиор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэг оролцохгүй.

Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой.