Амжилт цалгисан зам

Л.Дэлгэрмаа
10 сарын 21, 2025

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль 2001 оноос спортын сэтгүүлчдийг бэлтгэх өвөрмөц школыг бий болгосон нь 70 жилийн түүхэнд тодоор үлдэх нэгэн хуудсыг бүтээжээ. Тус сургууль спортын сэтгүүлчдийг тусгайлан бэлтгэх болсон нь нийгмийн захиалга байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ захиалга цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэнэм. 

Нийгмийн хувьсал өөрчлөлт, хөгжил цэцэглэлт, уналт доройтлын үед хүмүүс сэтгэлийн цэнгэл эдлэх, тайвшрах, гоо зүйг олж харах хэрэгцээгээ хангахын тулд спортын тэмцээн уралдаан, шууд дамжуулалт, мэдээ сурвалжилгуудыг үзэх дуртай байдаг. Тиймээс спортын бодит мэдээллийг дамжуулах хэрэгцээ хэзээ ч “тэтгэвэрт гарахгүй” гэдэгтэй та санал нийлэх үү? 

Геополитикийн үүднээс авч үзвэл спорт нь зөөлөн хүчний нэг төрөл юм. Тухайн спортын төрөл, үүсэл хөгжил, уламжлал шинэчлэлтээс шалтгаалан орон орны соёл дэлхийгээр тархаж, олимпын хөтөлбөрт аль нэг төрлийг сонгон оруулахдаа хэдэн тив, хэчнээн улсад тархсаныг нэн тэргүүнд авч үздэг. 

Тэгвэл спортын сэтгүүлчид үйл явдлын өрнөлийг халуун цэг дээрээс сурвалжлахдаа голыг нь олсон шууд дамжуулалт, сонирхолтой агуулгыг гярхай ажиглан мэдээ, тойм, ярилцлага сурвалжилгууд, фото зураг, дүрс бичлэгүүд бүтээх явцдаа тухайн нийгмийн түүхийг ямар ч хачиргүйгээр харуулдгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, спортын сэтгүүлч түүхийн гуйвшгүй шигтгээг баримттайгаар үлдээдэг гэсэн үг. Энэ бүхнийг эргэцүүлэн бодохуйд спортын мэргэжсэн сэтгүүлч, тайлбарлагчдыг бэлтгэх индэр БТС-д 24 жилийн хугацаанд тасралтгүй шинэчлэгдэн хөгжсөөр ирснийг зориуд тодотгоё! 

Спорт сонирхогч бүхэн спортын сэтгүүлч болж чадах уу? 

Нийгэм, улс төр, эдийн засаг, урлагийн чиглэлээр дагнасан сэтгүүлчид спорт бичиж, эсвэл тэмцээн уралдаан шууд сурвалжлахаас эмээх нь түгээмэл харагддаг. Учир нь спорт мэргэжлийн ур чадварыг зайлшгүй шаарддаг бөгөөд тухайн спортыг шимтэн сонирхогчдын өргөн хүрээлэл дунд тэднээс ч илүү мэдлэг, мэдрэмжээр мэдээлэл хүргэхийг зорьдог. Спорт сонирхогчдын мэдэж байгаа зүйлийг давхардуулан хүргэвэл уйтгартай, цаг гарзадсан хэрэг болох тул мэдэхгүй зүйлийг нээн гаргах, мэдлэг олгох нь спортын сэтгүүлчдээс ихээхэн ур чадвар шаардана. 

Сэтгүүл зүй нь шинэ зүйлийг нээн илрүүлэх хөдөлмөр учраас спортын сэтгүүлчээр ажиллах явцад алхам тутамд энэхүү сорилттой тулгардаг билээ. Сорилтыг давж гарах бүрд мэргэжилдээ улам дурлана.  Техник технологийн хувьсал өөрчлөлтөөр мэргэжлийн сэтгүүл зүй, чанартай редакцийн нөлөө улам бүр ардаа асуултын тэмдэг дагуулах болсон энэ үед үнэн бодит мэдээллийн үнэ цэн спортын сэтгүүл зүйн салбарын шижир алт болсоор байна. Тиймээс спортын мэргэжсэн сэтгүүлчдийг бэлтгэх эрэлт хэрэгцээ тасралтгүй үргэлжлэх зам аж.   


Спортын сэтгүүлчдийн хөрвөх чадвар 

Тэгвэл спортын сэтгүүлчид бусад салбарт хөрвөх чадвар нь хэр вэ? Спорт өргөн цар хүрээтэй, газар зүй, улстөр, түүх, соёлын чиг хандлага, нийгмийн үзэгдлүүдийг багцлан,  мэдлэгийг зугаатай аргаар олгодог шидэт ертөнц учраас спортын сэтгүүлчид бусад чиглэлээр богино хугацаанд хөрвөж чаддаг хэмээн хуримтлуулсан багахан хугацааны туршлага дээрээ тулгуурлан хэлэхэд таатай байна. 

Тэмцээн уралдааныг тоймлох ур чадвар, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, бодит мэдээллийг харьцуулан дүгнэх зэрэг нь аль ч салбарт хөрвөхөд дөхөм учраас спортын сэтгүүлчийн ангийг төгссөн бусад салбарын бахархалт сэтгүүлчдэдээ МУБИС-ийн БТС-ийн түүхт 70 жилийн ойн мэнд хүргэе!  

Сэтгүүлчид бэлтгэдэг сургуулиуд өөр өөрийн онцлогтой. Тэгвэл МУБИС-ийн БТС-ийн сэтгүүлч оюутнууд спортын халуун цэг дээр ажиллах боломжтойгоороо бусдаас ялгардаг. Мөн мэргэжлийн тамирчид, биеийн тамирын багш дасгалжуулагч болохоор суралцаж буй оюутнуудын нэгэн өвөрмөц хэсгийг бүрдүүлдэг бөгөөд спортын төрлүүдээр мэргэжсэн багш нараас онол, дадлагын үнэт мэдлэг олж авдаг. Мөн мэргэжлийн хичээлүүдийн лекц семинаруудыг сэтгүүл зүйн эрдэмтэн багш нараасаа сонсож, сургуулийнхаа уламжлалт тэмцээн уралдаануудыг сурвалжлан, цахим хуудсандаа  богино хэмжээний видео бичлэгүүдийг байршуулан, олон нийтэд хүргэх зэргээр бүтээлчээр ажилладаг. Тайлбарлагчийн ур чадвар хичээлээр спортын тэмцээнүүдийг шууд хүргэх ур чадварыг олгон спортын мэргэжсэн сэтгүүлч яагаад хэрэгтэйг үлгэрлэн харуулсаар өдгөөг хүрчээ.  

Дипломын ажил амилсан өдрүүд  

Миний хувьд сэтгүүлч болохыг мөрөөддөг байснаас бус спортыг дагнан сурвалжилна гэж төсөөлж байсангүй. Тухайн үед элсэлтийн шалгалтаар Өвөрхангай аймагт сэтгүүл зүйн хоёрхон анги хуваарилагдан ирсэн юм. Элсэлтийн шалтгалт өгсөн 20 гаруй хүүхдийг манлайлан УБИС-ийн спортын сэтгүүлчийн ангийг эргэлзэлгүй сонгосон минь одоо бодоход нүдээ олсон сонголт. Удаах байрт шалгарсан хүү утга зохиолын ажилтны ангид орох болсноо сонсоод “Охидод уг нь утга зохиол л тохирно доо” хэмээн өгүүлсэн нь одоо ч чихэнд сонсогдох шиг... 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа байгалийн ухааны сонгонд явж, биеийн тамирын хичээлд төдий л дургүй байсан намайг ийн сонгоход ангийнхны маань “нүд орой дээрээ” гарах шахаж билээ. Тухайн үеийн УБИС-ийн БТДС-д спортын сэтгүүлчийн ангид спортын дадлага хичээл их орно. Энэ үеэр онигоонд ордог байсныг минь оюутан найзууд уулзах бүрдээ  хошигнон ярьдаг юм. 

Их сургуулиа дөнгөж дүүргээд дипломоо хүлээж байх үедээ спортын төв хэвлэл “Таван цагариг” сонинд орсон минь ч мөн л тухайн үедээ итгэмээргүй явдал болж билээ. Спортын бус эрэн сурвалжлах чиглэлээр дагнах байх хэмээн төсөөлж байсан үеийн оюутнуудын дүгнэлт ийн зөрсөн юм.  Харин миний хувьд дипломын ажил бичиж байсан газраа очиж үзэхийг мөрөөдөж явснаас эргэлзэлгүй биелнэ чинээ төсөөлж байсангүй. 

Спортын сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, олимп, ДАШТ, тивийн аваргуудыг халуун цэг дээрээс нь сурвалжлан хүргэхдээ эртний Грекийн олимп болсон төв цэг дээр, он оны олимпын бамбар бадамладаг тэр л газар номын дуу сонссон нь үнэт дурсамж үлдээсэн билээ. “Эртний Грекийн олимпын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” юу болохыг О.Уранчимэг багшийнхаа даалгавраар уншин судалж явсан миний хувьд олимпын өлгийд хөл тавихдаа дипломын ажлаа харьцуулан харах ховор боломжийг олгосон тэр л өдрүүд сэтгэлд дотно. Энэ бол гадаадын анхны томилолт, залуу сэтгүүлчийн нүдийг нээсэн хайр бялхам өдрүүд байж билээ. 

Эрдэм шинжилгээний бага хурал  

70 жилийн түүхт ойн хүрээнд МУБИС-ийн БТС “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил- 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өргөн далайцтай зохион байгуулсан юм. Биеийн тамир, спортын боловсрол, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, ололт амжилт, онол практикийн хандлага, сайн туршлага, шийдлүүдийг хуваалцах, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус хуралд 7 улсын 59 эрдэмтэн дөрвөн чиглэлд 31 илтгэл хэлэлцүүлсэн юм. БТС-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаанууд, энэ салбарт тулгамдаж буй асуудал, нийтийн биеийн тамирын хөгжил, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын контент үйлдвэрлэл зэрэг сонирхолтой агуулгаар тус салбарын нэрийн хуудас болсон багш нар илтгэлээ хэлэлцүүлэв. 


Сонирхуулахад олимпын анхны медалийг эх орондоо авчирсан, “Мехико-68” олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав болон үндэсний бөхийн Монгол Улсын аварга О.Балжинням нар БТС-ийн хүндэт доктор болсон юм.  


Хүчит 64 бөхийн барилдаан   

Дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, улсын гарьд П.Сүхбат зэрэг тив дэлхийд нэр алдраа мандуулсан олон хүчтэн БТС-иас төрөн гарчээ. Тиймээс Монгол Бөхийн өргөөнд болсон спортын үзүүлэх тоглолтууд, хүчит бөхийн барилдаан спорт сонирхогчдын магнайг тэнийлгэсэн юм. Бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, аймгийн начин Г.Алтанбагана үзүүрлэв. 




 БТС-ийн шинэ түүх

Өнөөг хүртэл БТС нэрээ хэдэнтээ өөрчилж, бүтэц бүрэлдэхүүн нь шинэчлэгдсэн ч биеийн тамир спортын залгамж халааг бэлтгэх үйл хэргээсээ алхам ч ухраагүй юм. 70 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын үеэр өнөөдрийн гэрэлт ирээдүйг бүтээлцсэн үе үеийн захирлуудаа хойморьт залан,  цэцгийн баглаа гардуулав. БТДС-ийг нэгэн цагт удирдаж байсан олимп судлаач С.Жамц захирал тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ спортын салбар нийгмийг урагшлуулах хөшүүрэг болохыг онцлов.  

МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаа өргөн барихдаа олимпын хүрэл медальт Т.Артагийн дээлийн хормойд ороогдон, дэлхийтэй анх танилцсанаа өгүүлснийг ч зориуд тодотгоё. БТС-ийг өдгөө тус сургуулийн “бүтээгдэхүүн”,  жүжицү бөхийг эх орондоо хөгжүүлж яваа “будаг нь ханхалсан” доктор О.Болд-Эрдэнэ удирдаж байгаа билээ. Залуу захирлынхаа удирдлагад МУБИС-ийн БТС-ийн түүх улам баяжин хөгжих нь дамжиггүй.   

Б.Өлзийтогтох

Холбоотой сэдвүүд

мэдээ спорт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.