Б.Баясгалан
09 сарын 04, 2018
Зарим сургуулийн багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж, ажил хаялт зарлаад буй юм. Үүнтэй холбоотойгоор хичээлийн шинэ жил эхлээд буй энэ үед нийслэлийн хэмжээнд 12 сургууль сурагчидаа хүлээж авалгүй, ажил хаясан байна. Ажил хаяж буй эдгээр багш нарыг эсэргүүцэж буй ажилгүй багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ
Тэд мэдээллийнхээ үеэр "Нийслэлийн 12 сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эх хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байна. Энэ нь ёс зүйгүй үйлдэл.
Бид багш нарын цалин 600 мянган төгрөгөөс ч бага байгааг мэднэ. Гэвч хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхэлж ажил хаяж буйг эсэргүүцэж байна.
Тиймээс багш мэргэжилтэй мөртлөө ажилгүй байгаа багш нарыг бидэнтэй нэгдэж, уриалга гаргахыг хүсэж байна. Хичээлийн эхний өдөр хүүхдүүд хөөр баяр болоод цүнхээ үүрээд хичээлдээ очиход багш нар нь ажил хаячихсан байх нь сэтгэл зүйн хувьд ч таагүй байдал үүсгэж буй юм.
Бид 10 гаран жил мэргэжлээрээ ажилласан. 2014 онд хүүхэд төрүүлээд ажлаасаа гарсан. Үүнээс хойш улсын сургуулиудад багшлах гэхээр орон тоо байхгүй гэдэг. Багшлах эрхийн шалгалт өгөөд үнэмлэхээ авчихсан байгаа.
Бид багшийн цалин болон бусад нөхцөл байдлыг мэдсээр байж тус мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэйгээр багшийн мэргэжлийг сонгосон хүмүүсийн төлөөлөл. Ажил хаяж буй багш нар өөрсдийн эрх ашгаа сайжруулахын төлөө буруу тэмцэж байна. Цөөн хэдэн сургууль өнөөдөр ажил хаяж буй нь тус сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж буй юм. Үүний үр дүнд хүүхдүүд хохирч байна. Хүүхэд, хүүхдийн боловсролын төлөө явдаг багш нар ажил хаяж буй нь цаг үеэ олсон тэмцэл биш гэж бид үзэж байна.
Хэрвээ ажил хаях гэж буй бол нэгдсэн зохион байгуулалт системтэйгээр, цаг үетэйгээ тохируулах шаардлагатай. Сурагчид зуны 3 сарын хугацаанд амраад бие биенээ санагалзаад хичээлдээ орохоор догдлон ирж буй энэ үед нь хүлээж авахгүй ажил хаяна гэдэг үнэхээр буруу.
Цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй нь зөв ч илэрхийлж буй арга нь буруу байна. 800 гаруй сургуулиас тодорхой хэдэн сургууль л ажил хаяж буй нь цаагуураа өөр зорилготой ч юм шиг, нийгэмд бухимдал үүсгэж байна.
Нөгөө талаас энэ асуудал дээр тулгуурлаад ажилгүй байгаа багш нарт төр засаг, холбогдох яам нь боломж олгож, ажлын орон тоогоор хангахыг хүсэж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.