А.Энхжаргал: Эрүүл мэндийн даатгалын үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна

Эрүүл мэндийн даатгал яагаад ач холбогдолтой вэ, түүний үнэ цэнэ юунд оршдог вэ. Энэ талаар “Бодь Даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхжаргалтай  ярилцлаа. Тэрбээр банк санхүүгийн  салбарт 20-иод жил ажилласан туршлагатай эксперт юм.  

“Бодь даатгал” бол Монголдоо эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн даатгалын компаниудын нэг бөгөөд өдгөө 30 жилийн ойтойгоо золгон баяраа тэмдэглэж буй юм. 


Зардал уу, заавал хийх хөрөнгө оруулалт уу?


Миний танил, нэгэн гадаад бүсгүй надад даатгалгүй л бол нөхөр, хүүхэдтэйгээ хамт хэзээ ч онгоцоор нисдэггүй талаараа ярьж байв. Хайртай хүмүүсийнхээ амь насыг даатгуулаагүй бол тэдэнтэйгээ хамт ер нь хаашаа ч явахгүй.  Энэ утгаараа тухайн гэр бүл орлогынхоо тогтмол хувийг даатгалд зарцуулах нь ойлгомжтой, маш тодорхой зүйл. Энэ бол гадныхны аливаа эрсдэлд, даатгалд хандах хандлагыг илэрхийлэх энгийн л нэг жишээ юм.

Харин та үүнтэй санал нийлэх үү. Даатгал таны хувьд зардал уу, эсвэл хөрөнгө оруулалт уу гэдгийг нухацтай бодоод үзээрэй.

Монголчуудын хувьд саяхныг болтол даатгалын талаар, тэр тусмаа эрүүл мэндийн даатгалын талаар тийм ч таатай хандлагатай байгаагүй. Үүнийг өөрчилсөн зүйлүүдийн нэг нь ковид гэж хардаг. Цар тахлын түгшүүрт өдрүүдийн дараа л манайхан “Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг үгийг бүрэн утгаар нь ойлгож, даатгалтай “найзалж” эхэлснийг энэ талаарх тоон үзүүлэлт харуулж байна.

Гэсэн хэдий ч хангалттай бус хэвээрээ. Нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого 2022 онд 87,816 төгрөг байгаа нь таван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт мөн боловч дэлхийн дунджаас 36 дахин бага дүн юм. Хөгжингүй орнуудын иргэд орлогынхоо 10-15 хувийг эрүүл мэнд, эд хөрөнгийн гээд дор хаяж гурван төрлийн даатгалд зарцуулдаг.

Тэд даатгалд мөнгө зарцуулахыг хадгаламжтай адилхан хэмжээнд ойлгож, өнөө маргаашаа бус ирээдүйгээ баталгаажуулахын тулд тогтмол хуримтлалыг бий болгодог.  

Соёл, амьдралын хэв маягт нь даатгалын тухай ойлголт суучихсан учраас нөхөн төлбөрөө аваагүй байлаа ч даатгалыг ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж үздэг учир  үргэлжлүүлэн даатгуулсаар байх бөгөөд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдгийг мэддэгээрээ биднээс ялгаатай.



Ямар азаар даатгуулчихсан байсан юм бэ…

Өчигдөрхөн инээгээд л таарсан нэгэнд маргааш юу тохиолдохыг хэн ч таашгүй.  Үүний  хэцүүхнийг бид эрүүл мэндтэй холбоотой нөхөн төлбөр хэлэлцэх тоолондоо  мэдэрдэг. 

 Монголбанкны 2015 оны судалгаанаас үзэхэд монголчууд жилд дунджаар 58 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулжээ. Энэ зөвхөн эмчилгээний виз авч, албан ёсоор гадаад руу эмчлүүлэхээр явсан хүмүүсийг хамруулсан судалгаа юм. Тэдний хэд нь даатгалтай байсныг,  хэдийнх нь амьдрал санхүүгээрээ хямарч өр зээлд орсныг тооцоолбол тоймгүй их дүн гарах нь тодорхой. “20 шарыг минь 2-3-хан хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг насаараа цуглуулснаа өгөөд ч өвчний өмнө өвдөг сөхрөх шиг хүнд үе үгүй.


“Бодь даатгал” компани маань олон улсын эрүүл мэндийн даатгал болон “Эрхэм” эрүүл мэндийн даатгалаар харилцагчдадаа хэдийнэ танигдсан. 

Тухайлбал, “AXA Global Healthcare” компанитай хамтран олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг монголчууддаа 10 гаруй жил тасралтгүй хүргэж иржээ. Энэхүү даатгалаар дэлхийн 150 гаруй орны 12 мянга гаруй эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх боломжтой байдаг.  

Бид “Гадаадад явж байгаад өвдчихлөө, би хавдартайгаа гэдгээ гэнэтхэн мэдлээ” гээд л ирэх янз бүрийн оноштой харилцагчидтай  бид өдөр тутамдаа уулздаг. Зарим нь эмчлүүлээд эрүүл саруул болсныхоо дараа эргэж уулзаад заавал талархал илэрхийлдэг. Энэ бол даатгалын салбарт ажиллаж байгаа бидний хувьд бахархал болж урам зориг өгдөг зүйлсийн минь нэг.

Манайхаас нөхөн төлбөр авсан харилцагчдын дунд томоохон компанийн захирал, үүсгэн байгуулагчид тухайн компанийн ажилтнууд ч бий. Тэр хүмүүс хамгийн түрүүнд “Ямар азаар эрүүл мэндээ даатгуулчихсан байсан юм бэ” гэж хэлдэг. 

Үнэндээ азаар биш тэр хүн өөрөө санхүүгийн боловсролтой байж, бидэнд итгэж даатгуулсан учраас л үр хүүхдээ өр, зээлэнд унагалгүйгээр уйлмаар хүнд өдрүүдийн ард гарчхаж байгаа юм.

Эрүүл мэнд эрхэм баян буюу эргэлзэлгүй даатгахын учир



Би санхүүгийн салбарын хүн учраас тоо, датад итгэдэг. Учир нь тоонд үндэслэсэн шийдвэр хамгийн бодитой байдаг юм. Тиймээс ч бид монголчуудын эрүүл мэндийн асуудлын шалтгааныг олж харахын тулд харилцагчийн эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой тоон датадаа дүгнэлт хийж үзсэн.  Эндээс үзэхэд аливаа өвчлөл, нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчлөл тэргүүлж байна. Үүний дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд суурилсан өвчлөл, бөөр шээсний замын өвчлөлүүд зонхилдог. 

Сонирхолтой жишээ дурьдахад, улс даяар өрнүүлж буй эрт илрүүлгийн аяны үзлэгийн дата “Бодь даатгал”-ын судалгааны багийн дүгнэлттэй яг таг таарч байсан. Эдгээр тоо баримт бол монголчууд бид сэргийлж болох өвчнөөр өвдөж, амь насаа алдсаар байгаагийн харамсалтай жишээ юм. 

Үүнээс гадна нийгмийн сүлжээнд өвдөж зовсон нэгэндээ гар сунгаж буй хандивын аяныг олон жишээг бид хардаг. Гэвч хандив нь цугларч ч амжаагүй байхад амь насаа алдаж, энэ бүхний ард санхүүгийн хувьд туйлдсан гэр бүл л үлддэг шүү дээ. Иймээс эрүүл мэндээ анхаарна гэдэг, түүнийгээ даатгуулна гэдэг нь илүү зардал биш өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хамгийн чухлыг  ойлгохоос л санхүүгийн боловсрол эхэлнэ гэдгийг онцлон хэлмээр байна.

“Бодь даатгал”-ын хамт олон бид цаашид хүмүүст өвдсөнийхөө дараа биш, харин өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгуулахаар түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. 


Эрүүл мэндийн даатгалын чиг хандлага буюу удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх нь


Монголчууд маань “Манайхан зүрхээр л өвддөг”, “Ээжийн тал бөөр муутай”, “Тэднийхэн элгээр л “явчихсан” гэх мэтээр ярьдаг шүү дээ. Эдгээр яриа нь удамшлын өвчлөл буюу таны өвдөх эрсдлийг сануулж байгаа хэрэг. Орчин үед удамшлын өвчтэй ч байсан үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-д 25 сая гаруй хүн генетикийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх даатгалын багцыг ашиглаж байна. Өмнөд Солонгос, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй оронд уламжлалт даатгалыг генийн оношлогоотой хослуулсан "Precision Insurance" хэлбэр эрчимтэй нэвтэрчээ.

Stanford Medicine-ээс 2025 онд гаргасан судалгаанд “Удамшлын 13 төрлийн хавдрын удамших магадлал 1-60 хувь байгааг тогтоосон” хэмээн нийтэлжээ. Авууштай нь, тэдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсныг судалгаанд онцлон дурьдсан. 

Солонгос гэхэд хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд эрүүл мэндэд нь анхаарч даатгадаг болчихлоо. Тухайлбал хүүхдийн амны эрүүл мэндийг даатгаж байна. Энэ мэтээр эрүүл даатгалын нөхцөлүүдийг даатгасан бүтээгдэхүүнтэй болсноор Монгол Улсын маань ирээдүй хойч үеийн эрүүл өсөн бойжих боломж бий. Бодь даатгалын зүгээс ч бас эдгээр эрсдэлийг хариуцах алсын хараатай бодлогуудыг авч хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Хүн бүрийн генетик өөр. Бид тэр генийг өөрчилж чадахгүй. Харин эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсанаар, генетикийн болон амьдралын хэвшлээс үүдэлтэй эрсдлийн санхүүгийн дарамтыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, таны эрүүл мэндийн төлөөх хамгийн ухаалаг, хамгийн бага зардалтай хөрөнгө оруулалт бол эрүүл мэндийн даатгал юм.


Компаниуд ажилтныхаа эрүүл мэндийг даатгадаг соёлд суралцсаар байна

Ухаалаг менежменттэй, урт хугацааны төлөвлөгөөтэй компаниуд ажилтнуудынхаа эрүүл мэндийг даатгадаг соёлд суралцсаар байна. Эрүүл мэндээ даатгуулаад үр шимийг нь хүртэж эдгэрсэн захирал ажилтнуудынхаа эрүүл мэндийг ойлгож хэдэн тэрбумаар нь даатгуулсан жишээ ч цөөнгүй бий. Ганц удаа биш, жил бүр эрүүл мэндийн даатгалд мөнгөө төсөвлөөд сурчихсан харилцагч нар ч байна.  


Хэдэн жилийн өмнө хувийн эрүүл мэндийн даатгалд олон улсын болон гаднын санхүүжилттэй байгууллагууд л ханддаг байлаа. Харин сүүлийн үед, тэр дундаа ойрын гурван жилд дотоодын байгууллагууд маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг болсонд олзуурхдаг. Ялангуяа цар тахлын дараа иргэд ч ААН-үүд ч эрүүл мэндийн даатгалын үнэ цэнийг ойлгодог болчихлоо. Нөгөө талаасаа эрүүл мэндийн даатгал хүний нөөцийг тогтвортой ажиллуулахын арга хэрэгсэл болоод байна. Ялангуяа “Z” үеийнхнийг идэвхи санаачлагатай, тогтвортой ажиллуулахад нөлөөлөхүйц хүчин зүйл гэж үздэг. 

Энэ утгаараа гаднын орнуудад ажилтны эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчийн хамгийн чухал хариуцлагуудын нэгд тооцдог. Учир нь үүнийг зардал биш, харин хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд энэ нь ажилчдыг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллуулах үндсэн хөшүүрэг  болж байгааг харилцагч байгууллагын удирдлагуудаас онцлон хэлдэг.

Холбоотой сэдвүүд

даатгал эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.