А.Амбасэлмаа: Коронавирусээр өвчилсөн 14 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Баясгалан
08 сарын 05, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 04-нд нийт 615 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчид, 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс, 7 дугаар сарын 22-нд Австралиас ирсэн 48 хүн болох Оюутолгойн ажилчдын давтан шинжилгээ, тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгосон 16 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлагдан ажилласан 19 эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 2 хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 100 жолоочийн шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. 

Өнөөдөр 14 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэд 7 дугаар сарын 12-нд ирсэн энхийг сахиулагчид. 

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохилдол бүртгэгдсэнээс 244 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д нийт 49 хүн эмчлүүлж буйгаас 46 хүний биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийт 72 хүн тандалт, ажиглалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.