Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 07-нд нийт 595 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 12, 14-нд Афганистанаас ирсэн ирсэн 57 энхийг сахиулагчийн шинжилгээ, 7 дугаар сарын 24-нд ирсэн 124 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд байгаа 18 хүний давтан шинжилгээ, эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлагдаж ажиллаж буй 8 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдээр орж ирсэн 85 хүний шинжилгээ, төмөр замын 13 ажилтны шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 260 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж буйгаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 56 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна. Түүнд коронавирус илрүүлэх 3 удаагийн шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Элэгний хатуурал, уушгины хатгалгаатай, бөөрний дутагдалд орсон хүн байна" хэмээн мэдээллээ.