Энэ сар дэлхий дахинаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудын тухай мэдлэг олгох сараар тодорч байгаа юм. Бүтэн сарыг мэдлэг олгох сараар зарладаг нь юуны учир вэ гэвэл, тухайн сард хүн өөрийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай бусадтай хуваалцаж, хаанаас ямар тусламж авч болох талаараа нээлттэй, санаа зовох зүйлгүй ярихад оршиж байдаг байна.

Учир нь хүмүүс сэтгэцийн өвчлөл, сэтгэл зовнилынхоо талаар ярилгүй, тодорхой хэмжээний тусламж авч чадалгүй байсаар амиа алдах, эргэн тойрныхноосоо дөлөх, зай барих үзэгдэл элбэг тохиодог бөгөөд ингэснээр тэдний сэтгэл зүйн байдал улам дордож байдаг юм. 

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдлэг олгох сар нь 1949 оноос хойш АНУ-д жил бүр зохион байгуулагдаж байгаа ба тухайн жил бүр АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс нэг сэдэв сонгодог байна. 

Энэ жилийн сэдэв нь Tools 2 Thrive буюу “амжилт гаргахад туслах багажууд” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба стресстэй эерэг аргаар тэмцэхэд туслах аргыг хуваалцахад гол зорилго нь оршиж байгаа аж. 


Тэгвэл сэтгэцийн өвчин гэж юу вэ?

Сэтгэцийн өвчнийг хоёр ангилдаг бөгөөд ердийн сэтгэцийн өвчин, ноцтой сэтгэцийн өвчин гэнэ. Ердийн сэтгэцийн өвчин нь сэтгэл зүй, сэтгэл мэдрэмж, зан авирын хувьд тодорхой хэмжээний эмгэгтэй хүнийг хэлэх юм. Харин тэдгээр өвчин нь хувь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад саад болж эхэлбэл ноцтой төвшинд хүрчээ гэж үздэг байна. 


Хамгийн нийтлэг сэтгэцийн эмгэг, өвчнийг дурдвал:

Сэтгэл зовнил: Сэтгэл зовнилын эмгэг нь байнгын санаа зовох, айдаст автах, өдөр тутмын амьдралд төвөг учруулахуйц стресст байх зэргээр илэрдэг. 

Сэтгэл гутрал: Байнгын сөрөг сэтгэл мэдрэмж давамгайлж, ядрах, эцэс төгсгөлгүй мэт гуниг гутралд автахаар илэрдэг.

Дон: Алкоголь болон мансууруулах бодисын ойрын давтамжтай хэрэглээнээс үүдэн хүний өдөр тутмын амьдрал, зан авирт нөлөөлөхөөр илэрдэг. 

Бие хүн хуваагдах эмгэг: Энэхүү эмгэгийн үед хүний сэтгэл мэдрэмж тодорхойгүй хугацаагаар хэт жаргалтайгаас, огцом гуниг гутралд автдаг.

Шизофрени: Шизофрени нь архаг, маш хүнд төрлийн сэтгэцийн өвчин бөгөөд хувь хүний зан авир, сэтгэл мэдрэмж, бодолд нөлөөлж байдаг. 

Хооллох эмгэг: Хооллох эмгэг нь хүний хоол хүнстэй харьцах харьцаа, өөрийн биеийг харах өнцөгт нөлөөлж байдаг. 

Ялихгүй зовлонт үйлийн эмгэг: Энэ нь мөн л хүнд хэлбэрийн эмгэг бөгөөд сэтгэл зовнилын эмгэг удаан хугацаагаар үргэлжилбэл тус эмгэгт хүргэдэг. Тус эмгэгийн хүрээнд хүн учир шалтгаангүй, хянаж боломгүй бодлуудад автан тухайн бодлынхоо хүрээнд хариу үйлдэл үзүүлдэг.


Тэгвэл сэтгэцийн эмгэгийн тухайд тоо, баримтуудыг дурдвал:

  • 2018 оны судалгаагаар дэлхий дахинаа нийт 970 сая буюу бараг нэг тэрбум хүн сэтгэцийн ямар нэг төрлийн эмгэгтэй байдаг.
  • Сэтгэл зовнил нь хамгийн нийтлэг эмгэг бөгөөд 284 сая хүнд илэрсэн. 
  • Сэтгэцийн эмгэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өртдөг.
  • Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ердийн хүмүүсээс илүү богино насалдаг нь батлагдсан. 
  • Тооцооллоор сэтгэцийн эмгэг нь дэлхий дахинаа үхлийн шалтгааны 14.3 хувийг эзэлдэг бол энэ нь жилд нийт 8 сая үхэл сэтгэцийн эмгэгээс улбаатай гэсэн үг болно.
  • Сэтгэцийн болоод сэтгэцтэй хавсарсан эмгэгүүд дэлхийн нийт хүн амын 13 хувьд илэрдэг. Гэвч өнгөрөгч онд коронавирусийн улмаас хүмүүсийн сэтгэл зүй маш тогтворгүй байснаас үүдэн энэ статистик нэмэгдэх хандлага ажиглагджээ. АНУ-д л гэхэд нийт хүн амын 59 хувь буюу талаас илүү хувь нь хөл хорионы үеэр сэтгэл зүйн эмгэгт өртсөн юм.

Эндээс үзвэл сэтгэцийн эмгэг гэдэг дэлхий дахинаа маш өргөн хүрээтэй байдаг ба сөрөг үр дагавар ихтэй учир хүн өөрийнхөө төлөө сэтгэл зүйн эрүүл мэндээ байнга анхаар ч байх хэрэгтэй юм. Мөн засгийн газар, удирдах төвшний хүмүүсийн зүгээс ч ард иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, зөв ойлголтыг түгээж, тусламж хүсэх боломжит байгууллагуудын тоог нэмэх шаардлагатай.