Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. 

Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийлээ. 

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.

Аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт байгууллагуудаар хийлгэх юм байна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан  хийхээр төлөвлөжээ. 

“Нийслэлийн 180.8 км урттай хатуу хучилттай автозам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбайг ариутгана” хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна. 

Мөн гамшгийн хэмжээнд ажиллаж буй энэ үед худал мэдээ мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн  дарга Ц.МөнхбаатарХүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна. Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.