30 настай хоньч нохой Боби дэлхийн хамгийн хөгшин нохойгоор нэрлэгдэж эхэллээ

П.Мөнгөнсор
02 сарын 03, 2023

Дэлхийн хамгийн хөгшин нохойны рекордыг Боби нэртэй Рафейро до Алентехо үүлдрийн, цэвэр цусны хоньч нохой эвджээ. 

Боби өнөөдрийн байдлаар 30 нас 268 хоногтой бөгөөд ирэх тавдугаар сард 31 нас хүрэх гэнэ. Үүнийг хүний насаар тооцоолбол 130 настай гэсэн үг юм. 

Бобигийн эзэд Португалийн Конкейрос тосгонд амьдардаг Костагийн гэр бүл ажээ. Тэд Боби их хотын стресстэй амьдралаас хол тайван, бөглүү тосгонд бүх насаараа амьдарсан нь ийнхүү урт наслах шалтгаан болсон хэмээн үзэж байгаа ажээ. 

Бобиг төрөхөд 8 настай байсан Леонел Коста “Аав минь анчин хүн байсан учир би багаасаа олон амьтдын дунд өссөн. Харамсалтай нь 30 жилийн өмнө Бобигийн ээж Гира дөрвөн гөлөг төрүүлэхэд гэр бүлийнхэн маань нэмж нохой  тэжээхийг хүсээгүй. Ийм тохиолдолд дөнгөж төрсөн гөлөг нүдээ нээгээгүй байх үед нь нүхэнд булж болдог уламжлал Португал улсад бий. Түүний дагуу аав минь нялх гөлөгнүүдийг булсан юм. Гэвч Бобиг анзаараалгүй үлдээчихсэн байсан. Энэ явдлыг гэрийнхэн маань олж мэдэхэд Боби аль хэдийн нүдээ нээчихсэн биднийг ширтэж байсан. Ингэж л тэр гэр бүлийн маань нэг гишүүн болсон” гэжээ. 

Боби бусад амьтадтай нийтэч, эрх дураараа зан ааштай боловч сүүлийн жилүүдэд идэвхгүй болж, хэвтрээсээ салахаа больсныг эзэд нь мөн онцолжээ. 

Сонирхуулахад нохойны дундаж наслалт 10-13 жил байдаг бол Бобитой адил Рафейро до Алентехо үүлдрийн нохойнууд дунджаар 12-14 жил амьдардаг байна.


Эх сурвалж: Guinness World Records

Холбоотой сэдвүүд

геннисийн амжилт нохой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.