УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын хугацаа 22:00 цагт дууслаа. 

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "СЕХ-ны ажлын хэсэг санал хураалтын 21:00 цагийн дүн мэдээг нэгтгэж байна. Мэдээг тойргуудаас авч дуусаагүй байна. Нэгтгэж дуусгаад танилцуулна. Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн 29 тойрогт сонгогчдын ирц хүрсэн мэдээтэй байна. 

22:00 цагт санал хураалтын дүнг дамжуулах ажиллагаа эхэлнэ.  Хуулиар хоёр янзын дүн байгаа. Нэг нь санал авах 2070 байранд санал хураалтын дүн гарна. Энэ дүнг санал авах байруудад ажиллаж буй нам, эвслийн ажиглагч нарт хэвлэж өгнө. Энэ ажиллагаа 10-20 минут үргэлжилнэ. СЕХ-нд ирэхээс нь өмнө нам, эвслүүд дүнгээ авчихна гэсэн үг. Дараа нь СЕХ-ны төв серверт дүн дамжуулах ажиллагаа явагдана. 

2070 санал авах байрнаас ирсэн дүнг СЕХ нэгтгэж, сонгуулийн дүнг гаргана. Тодруулбал, хэсэг дээр гарч буй нь саал хураалтын дүн, СЕХ дээр ирээд нэгтгэсэн нь сонгуулийн дүн юм.

2070 санал авах байрны 400 гаруй нь ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй учраас дүн дамжуулах ажиллагаа саатах магадлалтай. Өнөөдөр бороо хур элбэгтэй, аянга цахилгаан, мөндөр буусан гэсэн мэдээллүүд ирсэн учир дүн мэдээ дамжихад саад учирч болзошгүй. Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын нэг санал авах байр үерт автсан. Увс аймагт гурван санал авах байранд аянга бууж, санал тоолох төхөөрөмж эвдэрсэн мэдээллүүд ирсэн. Гэхдээ СЕХ-ны мэдээлэл, технологийн төвөөс шуурхай арга хэмжээ авсны дүнд санал хураах машиныг яаралтай засварлах ажил хийгдээд дуусаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн 2 санал авах байранд аянга бууж, санал тоолох төхөөрөмж шатсан. Үүнийг хэвийн ажиллагаанд оруулах ажил хийгдээд дуусаж байна" хэмээн мэдээллээ.