Үсээ ургуулж, хуйхаа эрүүл байлгахыг хүсдэг хүн бүр доорх нийтлэг алдаануудыг анхаараад авбал намирсан, эрүүл, сайхан үстэй болоход тань туслах юм. 

Та хэрхэн үсээ угаадаг вэ? Шампуниар массажлаад, ангижруулагчаа түрхчихээд хэсэг хугацааны дараа зайлж орхиод л болчихдог уу? Магадгүй та энийг яагаад ч үсэнд тань сөргөөр нөлөөлнө гэж бодохгүй байж болох юм. Гэвч ингэж үсээ угаахад ч анхаарч авах хэдэн зүйл бий. 

Алдаа 1: Хуйхаа хумсаараа массажлах

Хуйхаа хумсаараа массажлах нь үнэхээр таатай мэдрэмж өгдөг ч үнэндээ сөрөг нөлөөтэй. Учир нь та массажлах явцдаа хуйхыг хамгаалж байдаг давхрагыг нь гэмтээж болох бөгөөд улмаар загатнаа үүсэхэд нөлөөлдөг байна. Үүний үр дүнд таны хуйх маш их загатнах ба үсний тань цаанаас ч хуйх тань улайн, шархалсан харагдана. Тэгвэл хэрхэн үсээ массажлах вэ? Шампунь болон ангижруулагчаа үсэндээ массажлахдаа хумсаараа бус хурууныхаа өндөгөөр массажлаарай.


Алдаа 2: Нойтон үсээ самнахдаа буруу сам ашиглах

Үсээ угааж дуусаад л үүссэн гогцоонуудыг арилгах гэж үсээ самнадаг бол та магадгүй буруу самаа хэрэглэж байж болох юм. Хүмүүс үсээ нойтонд нь самнаж болохгүй гэдэг ч үнэндээ зөв самаар үл ялиг ширэлдээнүүдийг гаргах тийм ч буруу биш. Гол учир нь самандаа байгаа юм. Яагаад гэвэл бидний үс нойтондоо иүү эмзэг болдог. Тиймээс үсээ гэмтээхгүйн тулд тусгай зориулалтын ширэлдээ гаргадаг сам ашиглах эсвэл үсээ угаахын өмнө сайтар самнах хэрэгтэй шүү.


Алдаа 3: Үсээ хэт халуун усаар угаах

Халуун шүршүүрт орох үнэхээр тааламжтай хэдий ч хэт халуун ус бидний үс болоод арьсанд ч муугаар нөлөөлдөг гэнэ шүү. Учир нь халуун ус нь арьсанд үүссэн нүхжилтийг нээж өгдөг бөгөөд хуйхны хувьд тэдгээр нүхжилт нь эерэг нөлөөтэй байдаг тул тэдгээрийг нээснээр хуйх хуурайшиж, үс салаарахад хүрдэг байна. Үүний оронд та үсээ угаахдаа үл ялиг халуун бүлээн ус ашиглавал үсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд тань ч гэсэн үр дүнгээ илүү үзүүлэх юм. Харин үсээ угааж дуусахдаа хүйтэн усаар хуйхаа зайлвал хуйхны хамгаалалтын давхаргыг хааж өгдөг гэнэ. Ингэснээр таны үс илүү торгомсог, гялалзсан харагдах юм шүү.


Алдаа 4: Үсээ нэг л удаа шампуньдах

Ихэнхдээ хуйханд цугларсан бохирдолыг арилгахад нэг удаа л шампуньдан угаах нь хангалттай ч ангижруулагч түрхэхийн өмнө дахин нэг удаа шампунь хэрэглэх нь хуйхны бохирдолыг арилгаж, эрүүл ахуйд нь анхаарахад тустай юм. Ингэхдээ массажлах маягаар угаах хэрэгтэй бөгөөд дахин сануулахад хумсаараа биш өндөгөөрөө массажлаарай.


Алдаа 5: Үсээ алчуураар хатаах

Бид бүгдийн л хийж байдаг бас нэг алхам бол үсээ угаачихаад хуурай алчуураар үрэхдээ үрж, мушгихдаа мушгих билээ. Гэсэн ч дээр хэлсэнчлэн бидний үс нойтондоо илүү эмзэг байдаг тул хуурай алчуураар үрж арчих нь үсийг гэмтээдэг бөгөөд үсийг хугарахад хүргэдэг. Үүний оронд та үсээ хөнгөхөн усыг нь шавхаад, алчуураараа хөнгөн дарж арчаад агаараар хатаах хэрэгтэй. Нэн ялангуяа микрофибер алчуурууд усыг шингээхдээ сайн бөгөөд үсийг соронзлогдохоос сэргийлж байдаг юм шүү. 


Эх сурвалж: Glamour