ЕКАТЕРИНБУРГ. /TASS/. Уралын холбооны их сургуулийг төгсөгчдийн Орос, Монголын холбоо хамтран Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчид ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан форум зохион байгуулна. Уг форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод есдүгээр сард болно гэж тус их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Халх голын байлдаанд Зөвлөлт, Монголын дайчид Японы Квантуны армийг ялсны 80 жилийн ойд зориулсан, Зөвлөлт болон Оросын их дээд сургуулиудын төгсөгчид, залуусын форум 2019 оны есдүгээр сарын 2-4-нд Улаанбаатар хотноо болно. Уг төслийг Уралын холбооны их сургуулийн төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус их сургуулийг төгсөгчдийн Орос, Монголын холбоо хамтран ажиллана” гэж мэдээлэлд дурдсан байна.


Энэхүү форум нь түүхэн дурсгалыг хадгалан үлдэх, Оросын боловсролыг сурталчлахад чиглэгджээ. Түүнчлэн зохион байгуулагчид үйл явдлын түүхэн ач холбогдлын тухай дугуй ширээний ярилцлага, сэдэвчилсэн ном, кино бүтээх, “Түүхэн цээж бичиг” арга хэмжээ зохион байгуулна.


Зохион байгуулагчдын урьдчилан тооцоолсноор, форумд 1000 гаруй хүн оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Уралын холбооны их сургууль, тус их сургуулийг төгсөгчдийн Монголын холбоо, Улаанбаатар хот дахь Оросын Соёл, шинжлэх ухааны төв, Зөвлөлт, Оросын их дээд сургуулиудыг төгсөгчдийн холбоо болон бусад нэр хүндтэй байгууллагууд дэмжжээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг