Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2  градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө хүйтэрч нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч 0-2 градус дулаан байна.