Хятадаас гадна хамгийн их халдвар тархсан орнын нэг Итали болоод байна. Гэвч яагаад Италид коронавирусийн тархалт ийм их дэгдсэн нь гайхашрал төрүүлж буй. 

Одоогоор Италид 15,113 тохиолдол бүртгэгдэж, 1,016 хүн нас бараад байна.

Шинэ төрлийн COVID-19 халдварласан анхны өвчтөн буюу Италийн хойд хэсгийн Ломбарди мужийн супер-тараагч хэмээгдсэн 38 настай Маттиа юм. Үүнээс хойш Европи тивд уг вирус голомтлон тархсан юм. 

Италид нөхцөл байдал яагаад ингэтлээ дордсонд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. 

Нэгдүгээрт халдварыг илрүүлээгүй цаг алдсан, засгийн газар үүнд маш удаан хариу арга хэмжээ авсан гэж үзэж байгаа аж. 

Хоёрдугаарт Итали хүмүүс нийтэч, хувь хүмүүсийн хоорондоо харилцах орон зай хэт ойр нь нөлөөлсөн. Тэд мэндлэхдээ үнсэлцдэг заншил нь хурдтай тархахад нөлөөлжээ. Италичууд хацар дээрээ хоёр удаа, францууд хоёр удаа, швейцарь хүмүүс бүр гурван удаа хацар нийлүүлэн үнсэлцэж мэндэлдэг нь цаашид хурдан тархах гол хүчин зүйл болсон байна. 

Гуравдугаар шалтгаан нь халдвартай хүмүүс ухамсартай байж, гэртээ байх ёстойг умартсан. Ломбарди мужид анх сургууль, цэцэрлэгүүд хаагдахад эцэг эхчүүд хүүхдээ аван хотоос гарч амралтад, гадаадад, далайн эрэг дээрх амралт руу явцгаажээ. Тэд хүүхдээ аль болох хол авч явах нь тэднийг аюулаас хол байлгаж байна гэж бодсон нь алдаа болсон хэрэг, гэтэл энэ нь бусад бүс нутагт тархаах гол шалтгаануудын нэг болсон байна. 

Нөгөөтэйгүүр Италид нас баралтын төвшин өндөр байгаа учир нь насжилттай холбоотой. Дэлхийн хамгийн их хөгшрөлттэй хүн амаараа Японы дараа дэлхийд 2-рт орж буй явдал гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн халдварт өвчин судлалын төвийн дарга Доктор Жиованнь Резза хэлжээ. Архаг хууч өвчтэй, өндөр настан хүмүүс уг вирусаар илүү нас барж байгаа юм.


Эх сурвалж: BBC, RTE, New York Post, Al Jazeera