Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг энэ сарын 22-ны өдөр өөрийнх нь хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Улмаар шинэ даргад нэр дэвшигчийг сонгох, томилох хуралдааныг товложээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болов.

Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэц нь дараах 9 гишүүнтэй. Д.Одбаярыг дахин сонгох боломжгүй учир бусад найман гишүүний нэгийг даргаар сонгоно.

  1. Г.Баясгалан
  2. Б.Буяндэлгэр
  3. Ц.Нанзаддорж
  4. Д.Одбаяр
  5. Д.Солонго
  6. Ш.Солонго
  7. Г.Туулхүү
  8. Ш.Цогтоо
  9. Н.Чинбат

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч