Хэдхэн хоногийн дараа болох Анхдугаар үндсэн хууль батлагдсаны, Монгол Улс тусгаар тогтнолоо Үндсэн хуулиараа зарласны ойн баяр болно. Анхны Үндсэн хуулийг  1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад батлаж Бүгд найрамдах улсыг тунхагласан түүхтэй.

Өнөөдрийн Үндсэн хуулийн мэдлэг олгох ээлжит сэдвээрээ  Үндсэн  хуульд хуульчилан баталгаажуулсан үндсэн эрх, үүргийн талаар тодруулан хөндөх болно.

Хүний эрх гэхээр иргэд өөрт хамааралгүй биднээс хол гэж ойлгодог. Гэтэл хамгийн их хамааралтай эрхээ та мэдсэнээр хуулиар олгогдсон эрхээ хамгаалах мөн төрөөс тэрхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг шаардах боломжтой болно гэсэн үг.

Мөн үүргээ мэдсэнээр хуулиар өөрийн чинь хууль зөрчсөн үйлдлийн дүнд бий болж болзошгүй аюулаас /хариуцлага/ өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн аливаа зүйлийг дутуу мэдэх, бусдаас дам байдлаар авсан мэдээллээ мэдлэг гэж ойлгон буруу шийдвэр гаргах, мөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж болно гэдгийг ухаарах ёстой юм. 

Иргэд би үүнийг мэдээгүй байсан гэдгээр хүлээх хуулийн хариуцлагаа хөнгөлчих юм шиг эсвэл зугтааснаар хуулийн хариуцлагаас өөрийгөө зайлуулчих юм шиг боддог сэтгэлгээ нь хүүхэд нүдээ гараараа дарчихаад би байхгүй шүү, намайг олоорой гэдэгтэй агаар нэг харамсалтай санагддаг.

Иймээс бид өнөөдөр Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө, мөн үндсэн үүргээ  мэдэх ойлгох зорилгыг хөндөх болно. Хэний ч өмнө бардам байх, эрхэмсэг байх үүд хаалга нь хуулиар олгосон эрхээ шаардах мэдлэг эзэмшснээр бүрдэнэ гэдгийг л ухаарч чадвал энэ нийтлэлийн үр дүн юм. Түүнээс гадна хууль л юм болохоор хуулийн хэллэг хэрэглэхээс өөр аргагүй сануулахад илүүдэхгүй болов уу.

Одоо Монгол Улсын Үндсэн хуульд бидэнд ямар эрх, эрх чөлөөг хуульчилж, баталгаажуулсан бэ мөн тэдгээр эрх зөрчигдөхөд хаана  хандах вэ? гэсэн асуултын эрэлд гаръя. Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний  эрх, эрх чөлөө” хэмээх II бүлгийн 14-19 дүгээр зүйл болон Үндсэн хуулийн уг бүлгээс салбарласан эрхүүдийг дурьдая.

    I бүлгийн  3 / сонгох эрх /,    5 / өмчлөх эрх /,   6 /газар өмчлөх эрх/, 7 /оюуны өмч/,  8 /үндэсний цөөнхийн эрх/, III бүлгийн 21 /сонгох, сонгогдох эрх/,   26 /иргэд хууль санаачлах эрхээ уламжлан эдлэх/,   30 /Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх/,  46 /Монгол улсын иргэнийхээ хувьд төрийн жинхэнэ албан хаагч байх/,  51 / зохих шаардлага хангасан иргэн шүүгчээр томилогдох/, 52 / Шүүх хуралдаанд эх хэлээрээ үг хэлэх эрхийг олгоно, /  55 /Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрх/,   57/ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг .... иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ/,  66 /Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль зөрчсөн тухай  маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу.. хянан шийдвэрлэнэ/ гэх олон салбарласан эрх эдлэдэг бид.

Эдгээр Үндсэн хуульд болон олон улсын гэрээнд  тусгагдсан эрхүүдийг  “Үндсэн эрх” гэж нэрлэгддэг.

Үндсэн эрх нь  хамгаалуулах эрх, үйлчлүүлэх эрх, оролцооны эрхээр илэрдэг.[1]

-Хамгаалуулах эрх:  төрийн хууль бус үйлдлээс хүнийг хамгаалдаг. Тухайлбал та Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл мэдээлэл гарган хандаж  зохих төрийн байгууллага, холбогдох албан тушаалтны  Үндсэн хууль зөрчсөн маргааныг хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Та шүүхэд хандах эрхээ эдлэж хамгаалуулах эрхтэй. Хөндөгдсөн болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй. Цаашилбал тухайн шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандах эрхтэй. Бас та төрийн байгууллагын болон албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь хандаж  хууль бус шийвэрийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй.

-Үйлчлүүлэх эрх нь: Иргэн өөрийн эрх ашигт нийцсэн үйлдэл хийхийг төрөөс шаардах эрхтэй.Үндсэн хуулийн II бүлгийн 19  Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг.

-Оролцооны эрх нь: Иргэн үндсэн эрхийнхээ дагуу төрийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцох эрхтэй. Бид төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, түүнд сонгогдох эрхтэй. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай  хуулийн хүрээнд зохих асуудлаар мөн зохих хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцоогоороо дамжуулан хяналт тавих боломжтойг тайлбарлах гэсэн юм. Шүүх эрх мэдэлд иргэд хуулийн зохих шаардлагыг хангавал иргэдийн төлөөлөгчөөр оролцож болно. Энэ бол төрийн эрх мэдлийн салбарт оролцож байгаа хэлбэр юм.

Тэгвэл иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн өөр өөрийн гэсэн эрх зүйн байдалтай гэдгийг ойлгож мэдэхийн тулд хүн, иргэн гэсэн ойлголтыг тайлбарлах шаардлага үүснэ. Өмнө бичсэнд нэг бол хүн, эсвэл иргэн гээд бичээд байсны учрыг тайлбарлах хэрэгтэй болно. Хүн, иргэн, хуулийн этгээд, бие хүн, хувь хүн гэх адил юм шиг санагддаг үгстэй тааралддаг. Хүн гэдэг хамгийн өргөн ойлголт юм. Бид хүн хэмээх эрхэм нэрийн дор дэлхийн аль ч улсад эдлэж болох эрхийн жагсаалтыг өөрийн болон бусад орны үндсэн хуулиас, мөн олон улсын гэрээ, конвенцид тусгагдсан байдаг.     Өмнөх нийтлэлээс бид хүний халдашгүй эрх, үл хөндөх эрхийн талаар мэдлэгтэй болсон. 

Харин иргэн гэвэл тухайн улстай эрх зүйн хувьд тогтвортой харилцаанд байдаг бөгөөд тухайн улсын иргэн гэдгийг нь нотолсон баримт бичигтэй /төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх/ хүн байдаг. Тухайн улсынхаа иргэнийхээ хувьд та гадаадын иргэн, харъяалалгүй хүнээс өөр эрх зүйн байдалтай байдаг учраас ийнхүү хуулийн хэллэгийг хэрэглэгдэг. Бие хүн гэсэн ойлголт нь бодголь этгээдийн иргэн ба хүн гэсэн шинж чанарыг нэгтгэж өгнө. Хүний эрх зүйн байдал нь үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хуульчлан баталгаажуулсан бие хүний эрх, үүргийн тогтолцоо юм гэж тодорхойлсон байдаг. Хувь хүн гэвэл бид бусдаас ялгагдах хувийн онцлог шинжтэй.

Бид эрх зүйн харилцааны оролцогч болохынхоо хувьд бие хүн, хувь хүн гэсэн ойлголтоор яригдахгүй харин “хүн”, “иргэн” гэж бичигдэж яригдах ялгаа ийм учиртай. Тэгээд ч үндсэн хуулийн эрх зүйн хичээл дээр “Хүний эрх зүйн байдал”, “Иргэний эрх зүйн байдал”, “Гадаадын иргэний болон харъяалалгүй хүний эрх зүйн байдал” гэж тусдаа яригддаг болно.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Хэн бэ эсэн асуултанд “Хүн бүр” тэгэхээр хүн бүрт хэн хэн багтах юм бэ Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн бүгдэд  багтана гэсэн утга харагдана.

Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхлэсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. “Хүн бүр эрх зүйн этгээд байна”гэдэг бол бодгаль нь:

·Төрөхөөс насан эцэстлээ эрх, эрх чөлөөтэй байна

·Хуулиар адил тэгш хамгаалагдана

·Тэрээр хэзээ ч эд юмс мэт засаг төр, эрх мэдэлтний  үйл ажиллагааны объект, арилжаа, хэрэглээний зүйлс болох ёсгүй гэдгийг тус тус илэрхийлнэ. [2]

Дараа дараагийн хичээлээр бид Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний зүйл заалт бүр дээр онолын болон хуулийн холбогдох зохицуулалтаар тайлбарлах болно. Одоо та бүхэнтэй иргэний үндсэн үүргийн талаар ярилцъя.


Монгол Улсад иргэний үндсэн үүргийг:

-  Хууль зүйн үүрэг

-  Журамт үүрэг гэж зааглан заажээ.Ингэж ангилсан нь хууль зүйн шууд үр дагаврын ялгааг тусгасан байдаг.[3]

Монгол Улсын иргэнийхээ хувьд шудрага, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.Үүрэг хүлээж байгаа бол биелүүлэх нь ойлгомжтой. Эс биелүүлбэл хууль зүйн ямар нэг хариуцлага үүсэх үр дагавартай.


#1  Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх

Энэ үүргийг тайлбарлахын тулд  иргэдийн эрх зүйн ухамсар, эрх зүйн соёлын талаар ярилцах нь зүйтэй. Нийгмийн амьдрал бүхэлдээ хүмүүсийн ухамсарт харилцааны үр дүн байдаг. Эрх зүйн ухамсар нь нийгмийн ухамсарын нэгэн хэлбэр бөгөөд эрх зүйн тусламжтайгаар нийгэмд амьдрах хүч чадлаа олж үйлчилдэг. Эрх зүйн ухамсар нийгэм, хүмүүсийн эрх зүйд хандах хандлагыг илэрхийлнэ. Энгийнээр хэлбэл юуг хууль ёсны, юуг хууль бус гэж үзэх, ....хувь хүн өөрийнхөөрөө хэрхэн үзэж байгаагаар илэрдэг гэж бичжээ. Тэгэхээр хүн хуулиа биелүүлж байна гэвэл тэд хууль ёсны гэж үзэж дээдэлж хүндэтгэн улмаар сахин биелүүлж байгаагаар илэрнэ. Эрх зүйн соёл бол эрх зүйн ухамсрын төлөвшил, хэрэгжилт мөн. Тиймээс эрх зүйн соёл нь хувь хүний хувьд амьдралд эрх зүйг зохистой хэрэглэх чадвар нь болж өгдөг.[4] Мөн Үндсэн хуулийг дээдлэнэ гэдэг бол Үндсэн хуулиас давсан хууль тогтоомж, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа байх ёсгүй юм өөрөөр хэлбэл хууль тогтоомж нь Үндсэн хуульд захирагдах ёстой.


#2 Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх

Иргэн та  хэн нэгнийхээ нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй юм байна. Тэгэхээр нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтыг  хэрхэн ойлгохыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зүйлийн “Иргэний хуулийн тайлбар”- аас сонирхоё. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтнь өөр хоорондоо нягт уялдаатай  боловч бие даасан агуулгатай байдаг. Нэр төр, алдар хүнд нь иргэнд хамааралтай бөгөөд ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай ойлголт юм.

Нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ юм.

Алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм. Алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад  харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм гэж тайлбарласан байна.

Нэр төр, алдар хүндийг эс хүндэтгэвэл өөрөөр хэлбэл хууль зөрчвөл хууль зүйн ямар үр дагавар үүсэх вэ?

-Иргэний хуулийн 21 дүгээр зүйл “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах”

Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, баримтыг бүрэн гүйцэд мэдээллээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тараасан, Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс, Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол хохирогч гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуульд  заасан журмын дагуу арилгана.

Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

#3 Хуулиар ногдуулсан албан татвар төлөх

Албан татварыг зөвхөн хуулиар тогтоох ёстой. Тухайн татварын жилд орлого олсон л бол татвар төлөх үүрэгтэй. Татварын зөрчлийн талаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.19-д “Татварын Ерөнхий хууль зөрчих” гэж тусгаж өгсөн. Татварын Улсын байцаагч зөрчлийг шалган шийдвэрлэнэ. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл ЗХШХШ тх –д заасан журмаар гомдол гаргана. Үүнийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ.

  Иргэдэд ойрхон гаргаж болох зөрчлийн талаар дурьдвал:

 “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулиар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт эрүүгийн доорхи хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх. Татвар төлөгч ...... татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол... торгох, эсхүл ... нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ... зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

#4 Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах

Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.Тэгэхээр Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Энэхүү үүргийг Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн үүргийн болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль бусад хууль тогтоомжоор зохицуулдаг. Харин гадаадын иргэн болон харъяалалгүй хүн энэ үүргийг хүлээхгүй.

Зөрчлийн тухай хуулиас: Цэргийн албаны тухай хууль зөрчих

- Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт црэг татлагын байр, товлосон газар хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол

- Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг ... торгоно.[5]

Журамт үүрэг: Энэ нь иргэний ухамсар, хүний мөн чанарт үндэслэсэн байдаг.

Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэний журамт үүрэг мөн. Эдгээрийг албадлагагүйгээр биелүүлэх нь хэнд ашигтай вэ Танд ашигтай тийм учраас хууль зүйн үр дагавар гэж яригдахгүй үүрэг учраас журамт гэж нэрлэгдсэн байхаа. Анхааран уншсан танд баярлалаа.


Материалууд: 

[1]Хууль тогтоомжийн хэрэглээ. Гарын авлага. УБ., 2013  он. 7 дахь талаас дэлгэрүүлэн уншина уу.

[2]Мөн тал

[3]Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2008 он 103 дахь талаас тодруулан уншина уу?

[4] О.Амархүү.Эрх зүйн онолын  арван таван сэдэв.УБ., 2008 он. 99 дэхь талаас харна уу?

[5] http://sukhbaatar.se.gov.mn/news/178/single/160 \ тодруулан харна уу?\