Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат гардууллаа. 

Тус аппарат нь Монгол Улсын нүдний тусламж, үйлчилгээний хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, үйлчилгээний эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, иргэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад  үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Монгол Улсад зайлсхийж болох сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихтэх өвчний эмчилгээг өдгөө төрийн эрүүл мэндийн  байгууллагаас зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байгаа нь иргэдэд хүлээгдэл, ачаалал ихтэй байгаа. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт  жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16.000 орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг. Үүнээс лазер эмчилгээ шаардлагатай 2500 орчим өвчтөнг хувийн  эмнэлэг рүү илгээж байна.

Энэхүү эрэлт хэрэгцээг үндэслэн нүдний лазер эмчилгээний технологийг лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад  нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний  даралтын болон торлогийн эмгэгийн үеийн лазерын аргаар мэс засал хийх аппаратыг нийлүүлснээр үүсээд байгаа тулгамдаж буй асуудлыг шийдэх  чухал ач холбогдолтой юм.