Алс баруун хязгаарын малчин Дамчаа тун чиг баяртай байна. Өчигдөр холын Америкт амьдардаг охин нь утас цохиж, “Аав минь АНУ явахдаа бэлдээрэй, гадаад паспортоо захиалаарай. Цаг сайхан болохоор таныгаа хүлээн авч, газар үзүүлнэ” хэмээн захиснаас хойш өвгөн малчны сэтгэл хөөрч, хүүхэд шиг догдлох болжээ. Харин аймаг руу явж, гадаад паспорт хөөцөлдөхийн тулд хэдэн малаа хэд хоног хэнд даатгахаа мэдэхгүй толгой гашилгана.

Төв орж бичиг баримт хөөцөлдөх амаргүй, цаг хугацаа, уур уцаар, тэвчээр шалгасан ажил болохыг өвгөн малчин гадарлах тул битүүхэндээ түвэгшээж байв. Хүнд суртал, түвэг чирэгдэл учруулж иргэдийн уур бухимдал, тэсвэр тэвчээрийг бардаг  төрийн үйлчилгээ алс хязгаарын малчныг ч бас хашраасан нь энэ.  Зөвхөн хөдөөгийн малчин гэлтгүй их хотын иргэд ч гадаад паспортоос эхлээд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, оршин суугаа хорооны тодорхойлолт гээд төрийн үйлчилгээг авах гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрдэг нь бодит үнэн.  

Хотын иргэд Улаанбаатарын авто замд түгжирнэ, очсон газраа зогсоол хайж хэсүүчилнэ, дараа нь хүмүүсийн урт гэгчийн дараалал, ууртай ажилтнуудын хөшүүн байдал, хүнд суртал гэсээр зарим үед бүр ганц хуудас цаас авахын тулд бараг бүтэн өдрийн ажлаа алдах нь энүүхэнд. Үүнээс үүдсэн уур бухимдал, удаан алга болсонд бухимдсан даргын ууртай царай гээд дурдвал олон чирэгдэл төрийн үйлчилгээний хүнд суртал, хоцрогдлоос үүдэн бий болдог.  Энэ нь эцэстээ иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдрахад хүргэдэг байна. 

Гэхдээ одоо Дамчаа гуай аймаг руу явах хэрэггүй болсон. Зөвхөн малчин гэлтгүй Монгол Улсын иргэн бүр хаанаас ч гадаад паспортоос эхлээд төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох гэж байна.  Өөрөөр хэлбэл, та хаашаа ч гаралгүй, гар утсаараа бүх үйлчилгээг нэг цонхноос авна гэсэн үг. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс иргэний үнэмлэхийг цахимжуулах, албан хаагч, байгууллагуудад цахим гарын үсэг олгох, НӨАТ-ын систем үүсгэх, байгууллагууд шилэн данс хөтлөх, ТҮЦ машин ажиллуулдаг болсон. Мөн Улсын бүртгэл, Татварын ерөнхий газар, гааль татварын мэдээллийн төв зэрэг байгууллагаас цахимаар лавлагаа авах боломжтой болсон. 

Гэхдээ эдгээр байгууллага мэдээлэл, үйлчилгээг тус тусдаа, бие даасан сайт үүсгэн, цахимаар үзүүлж байгаа. Ингэснээр төрийн бүх цахим үйлчилгээ нэг “толгойгүй”, байгууллага бүрт жил бүр программ хангамж, цахим үйлчилгээг сайжруулахаар төсөв тусгаж, үр ашиггүй зарцуулдаг, иргэд шинэ хэрэглээнд суралцдаггүй зэрэг дутагдлууд бий болдог байна. 

Тиймээс төрийн бүх төрлийн үйлчилгээг нэгэн дээвэр дор багтааж, иргэдийн атганд багтаах e-mongolia хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал www.e-mongolia.mn системийг бий болгож, төрийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Ганц хуудас цаас авах гэж, эсвэл нэг системд бүртгүүлэхийн тулд бид ямар их үргүй зардал гаргадаг билээ. Танил талгүйгээр баримт бичиг хөөцөлдөнө гэдэг бүтэшгүй зүйл мэт санагддаг. 

Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн газар эзэмших, ашиглах зэрэг үйлчилгээг авахын тулд  12-17 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байна. Ингэхдээ бүртгэхээс эхлээд шийдвэрлэх хүртэл нийт 10 шат дамжлагыг дамжин багадаа 30, ихдээ 60 түүнээс дээш хоногт шийдвэрлэдэг байна. Харин төрийн үйлчилгээг цахимжуулснаар  4-5 баримт бичиг бүрдүүлэн шат дамжлагыг бууруулж 26-28 хоногт бүрэн шийдвэрлэх боломжтой болох аж. 

Энэ оноос хэрэгжиж буй татварын хялбаршуулсан горим гэхэд иргэдэд татварт хандах хандлагаа өөрчлөхөд цоо шинэ шийдлийг багтаажээ. Ингэхдээ Ибаримт аппликейшн дээр суурилж ХХОАТ-ыг маш энгийн, ойлгомжтой шийдэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн цэнхэр дэвтэр халаагаа өгч иргэн бүр татвар төлөгчийн дугаар буюу TIN ID-тэй болох цаг ойртжээ.

Ибаримт аппликейшн нийгмийн даатгалын дэвтрээс илүү таныг санхүүгийн хувьд тодорхойлох цахим дэвтэр болох цаг ойртсон гэсэн үг. Давуу тал нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, өөрийн төлсөн татварын мэдээллээ бүрэн харах, хянах боломжтой болох юм. Ингэснээр татвар төлөгчийн цэнхэр дэвтэр хөтлөх шаардлагагүй болж иргэн и баримт апп-аар өөрийн кодоор нэвтэрч татвартай холбоотой бүх мэдээллээ харах боломж бүрдэж байна.

Татварын албанд 60 мянган хүн бүртгэлтэй буюу ХХОАТ-аа тайлагнадаг. Харин Ибаримт аппликейшн дээр суурилснаар 1,4 сая хэрэглэгч татвар төлөгчийн цэнхэр дэвтэртэй болчихож байгаа юм. 

Цахим хувьсгалыг Монголд өрнүүлэх боломж бүрэн бий. Монголчууд цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Манай улсын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 4.3 саяд хүрсэн. Хүн амын 80 хувь нь дэд бүтэц, интернетэд холбогдсон, олонх нь залуучууд зэргээс дүгнэхэд манай улс цахим шилжилт хийх суурь бүрдсэн аж.  

Гэвч бидний цахим өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд сул хэвээр. Тухайлбал, Монгол Улс  цахим засгийн индексээр дэлхийд 92-т эрэмбэлэгдэж байна. Мөн цахим өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 61-т буюу Венесуэл улсын өмнө бичигджээ. Хүний нөөц дутмаг, салбарын мэргэжилтнүүдийн цалин бага учир гадаад руу явчихдаг, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон цахим шилжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг чөдөр тушаа монголчууд цахим шилжилт рүү алхахад чангаасаар.  

Цахим хувьсгалыг амжилттай хийсэн орнуудын нэг нь Эстон. Тус улс уг шинэчлэлийг хийснээр төрийн үйлчилгээ авахад зарцуулдаг байсан иргэдийг арван жилийн хугацаанд 1700 цагаар хэмнэжээ. Ингэж иргэнд ээлтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй төрийн үйлчилгээг цахим болгосноор хүнд суртал, авилга хэмээх хорт хавдрыг ул мөргүй устгасан. 

Эдүгээ энэ улс авилга, төрийн хүнд суртлыг үгүй хийсэн, дэлхийн цорын ганц улсад тооцогдож, Эстонын иргэд төрийн үйлчилгээнд оочерлож зогсохоо, хэн нэгэн албан тушаалтныг царайчлахаа больсон.

Цахим шилжилт зөвхөн та, бидний цаг хугацаа, мөнгө хэмнээд зогсохгүй нь. Төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй, ил тод, шилэн болгосноор хяналтыг бий болгож,  улс орны хөгжлийн чөдөр болсон авилга хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь. Энэ нь цахим шилжилтийг дагасан маш том ололт аж. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эргэлт авчрах боломжтой цахим шилжилт эрчээ авах нь. Иргэн та үүнд бэлэн үү. 

Б.Баяртогтох