УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцлээ. Хуралдаан нууцын хэлбэрээр явагдсан. Ерөнхий прокурор өмнө нь товч мэдээлэл өгч, асуултад хариулсан. Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлсэн. Улмаар бид санал нэгтэйгээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх Ерөнхий прокурорын саналыг дэмжлээ. Энэ саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байна. Нөгөө талаас түүнийг шалгахад гишүүнийх нь албан тушаал саад болж байна гэсэн ярианууд байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал аль аль талдаа дээр гэсэн байр суурь яригдсан" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.