Мянганы сорилт корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа. Тус корпораци нь Засгийн газартай гэрээ байгуулан цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станцуудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм.

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир нь энэ төрлийн гэрээ байгуулан, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай хүн юм.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол нэн түрүүнд шийдэх хэд хэдэн асуудал байгааг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх гол зорилго болгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл ч үр дүнгүй болох эрсдэл үүсээд байгаа. Тиймээс хамтарч хэрэгжүүлж байгаа төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй ” хэмээсэн хэлсэн.

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайх хэрэгтэй” гэдгээ хэллээ.