"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор тус үйлдвэрт өнгөрсөн оны гуравдугаар сарын 06-наас онцгой дэглэм тогтоогоод буй. Уг асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрээр "Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа хоёр хоногийн дараа дуусна. Хууль хяналтын байгууллага, Сангийн яам зэрэг холбогдох бүх байгууллагын шалгалт ороод дууссан. Эрдэнэт үйлдвэр дээр учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Эдгээрийг онцгой дэглэм дууссаны дараа би дэлгэрэнгүй танилцуулна. 

Жишээ нь, зэсийн баяжмалыг нийт 11-12 компанид олгодог. Тэдгээрийн эрэмбийг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн тогтоодог нь шалгалтын дүнд нотлогдсон. Улмаар Монголын талд зардал өсгөөд, зардал өссөн байдлаа оффшор компаниудаар дамжуулж авсан байна. 

Мөн Ц.Элбэгдоржийн ойрын найзууд "United friends" буюу "нэгдмэл найзууд" нэртэй компани байгуулсан байна. Тэдгээр дотор түүний найзууд болон хууль хяналтын байгууллагын зарим удирдлага, улс төрч холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдсон. Магадгүй үүнээс болж Ц.Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байгаа. Одоо ирээд шалгуулах ёстой. Монгол Улсын төрийн нууцыг тээж яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадаад улсад ингэж байж болохгүй" хэмээлээ.

Мөн тэрээр "Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн байна" гэв.