Монгол хэл, үндэсний бичгээ хамгаалахаар тэмцэж буй өвөрмонголчуудын тэмцэл олны анхаарал татсан асуудал хэвээр байгаа билээ. 

Уг асуудлаар дуугарсан Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Өвөрмонголчуудын хэл соёлынхоо төлөө тэмцэж байгааг дэмжсэн үг хэлсэн нь олон улсад чамгүй анхаарал татжээ. Энэ талаар "Хятад хэлний" хэмээн олноо хүндлэгдсэн орчуулагч, “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Болдбаатар ийнхүү бичсэн байна.

≠1. Элбэгдорж Өвөрмонголчуудын хэл соёлынхоо төлөө тэмцэж байгааг дэмжсэн үг хэлсэн нь олон улсад чамгүй анхаарал татаж байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж байна. 

Хэзээ яг юуг цагийг нь олж хэлнэ гэдэг бас л нэг ухааны шандсын илрэл бөлгөө. Сүүлийн үед олон улсын нөхцөл байдал, тэр дундаа Хятадын асуудлын талаар өрнөдийн улс орнууд, тэр дундаа Тайвань, Гонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш сонирхолтой мэдээ мэдээллүүд ёстой л усны урсгал мэт хөвөрч байгааг манай бодлого боловсруулагчид, тэр дундаа судалгааны байгууллагууд анзаарч байдаг байлгүй гэж бодоод би хувьдаа уншсан мэдсэн болгоноо дотроо шингээгээд явахыг эрхэмлэдэг байсан юм.

≠2. Гэтэл УИХ дээр эрхэм гишүүд "Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжих төлөвтэй байгааг бодолцож төсвөө өөдрөгөөр харж төлөвлөж" байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж дуулаад бодит байдлыг үнэн мөнөөр олон түмэндээ танилцуулах нь зүйтэй юм байна гэж бодлоо. 

Үнэндээ өмнөд хөршийн маань байдал маш амаргүй, туйлын хэцүү байгаа шүү. Олон улсад Америк тэргүүтэй Хятадын эсрэг фронт нэгэнт үүсчихээд байна. Яг ч Хятадын эсрэг биш юм аа. Тэр фронт өөрсдийн зорилгыг "Бид Хятад улсын эсрэг биш, бид хятадын ард түмний эсрэг биш, бид ХКН-ын шударга гишүүдийн эсрэг биш, бид Хятадын Коммунист намын Төв хорооны шударга, эрүүл саруул хүчний эсрэг биш" хэмээн тунхаглаж хүрээгээ хумьсан байдалтай буюу яг хэний эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлж байгаагаа тодорхойлж байна.

≠3. Би өглөө оройдоо нэлээд өргөн сувгаар олон улсын нөхцөл байдал, тэр дундаа Хятадын дотоод байдлын талаар тодорхой мэдээлэл ойлголт авахыг хичээдэг. 

Тэгэхдээ аль болохуйц тэнцвэртэй мэдээлэл авч тэр дундаас илүү бодитой ойлгоц авах нь чухал билээ. Миний үзэх дуртай Тайваний Дунсэн телевизээр өнөөдөр маш сонирхолтой нэвтрүүлэг гарсны дотор "Өвөрмонгол, тэр дундаа Монголын хүчин зүйлийн" талаар ярьсан нь стратеги судлалын үүднээс илүү сонирхолтой байлаа.

≠4. Трамп, Си Зиньпин, Путин, Моди нарын зургийн дунд Монгол улсын дөрөвдөх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зураг тавьсаныг хараад би хувьдаа "Саяхан мань нөхрийн хийсэн мэдэгдэлтэй холбоо бүхий зүйл ярих нь дээ" гэж бодоод үзтэл тэр тухай ганц үг дуугарсангүй. Бодвол энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчид Ээбийг маань ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэж бодоод зургийг нь тавьсан бяцхан эндүүрэл гарав бололтой.

≠5. Харин нэвтрүүлэг үнэхээр сонирхолтой, баялаг мэдээлэлтэй байлаа. Юуны өмнө Энэтхэг Хятадын хооронд хилийн будилаан шатлан өргөжөөд Энэтхэгийн цэргүүд маргаантай хилийн бүсэд хилийн шугамыг 4 км-ийн гүн зурваст тэлээд нэгэн маш чухал өндөрлөгийг эзлэн авсан гэнэ. 

Тэр бяцхан ялалтанд баярласан тухайн нутгийн Төвд малчид Энэтхэг дайчдыг тосон аваад хамтдаа баярлан бүжиглэж байгаа зураг, бичлэг интернэтэд өргөн түгж эхлэжээ. Угаас шазруун Хятадын Ардын чөлөөлөх армийн дайчид эзлүүлсэн газар нутгаа буцаан авахаар хариу дайралт хийх нь тодорхой байтал Өвөрмонголд үүссэн нөхцөл байдал даамжраад тэр нь Монгол улсын олон нийтийн зүгээс хүчтэй дэмжлэг хүлээж эхлэсэн нь Хятадын эрх баригчдад арга буюу болгоомжлол үүсгэсэн бололтой. Аягүйдээд хөнгөн гоомой хөдлөвөл Монголтой сайн харилцаатай Оросуудын гэдэнг хөдөлгөх нь тодорхой гэж нэвтрүүлгийн тоймчид дүгнэж байна шүү.

≠6. "Өвөрмонголчуудын иргэний болоод улс төрийн ухамсар маш өндөр байгаа нь хүчний байгууллагын хүмүүстэй хийсэн мэтгэлцээнээс харагдаж байна.

Аргагүй л Чингисийн удам мөн дөө" гэх буюу "Шинэ Хятадын түүхэнд намын үзэл суртлын зэвсэг хэвлэл мэдээллийн байгууллага, цэрэг цагдаагийн ажилтнууд намынхаа эсрэг дуугарч нэгдсэн нь Өвөрмонголчууд байлаа." гэх мэт сэтгэгдлүүд маш олон бичигджээ. Би гадаад мэдээлэлд ойр байдаг хүний хувьд энэ мэт Өвөрмонголчуудынхаа тэмцлийн тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ шуурхай хүргэж байх болно оо.