Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байгаагаа дуулгасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг зарим эдийн засагч, хуульчид шүүмжилж байна. Тухайлбал МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан уг шийдвэрийн талаар "Тэтгэврийн зээлийг тэглэх   шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д байхгүй. Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж,Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй" хэмээн жиргэжээ. 

Мөн эдийн засагч Д.Ангар "ҮАБЗөвлөл нь тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх хуультай юу? Хэрвээ тэтгэврийн зээл нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хэлэлцэж болох байх. Харин тэр тохиолдолд тэтгэврийн зээлийг тэглэх биш харин бүр зогсоох шийдвэр гаргамаар юм" гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгчийн үзэл бодлын талаар нэр бүхий жиргээчид ийнхүү жиргэснийг хүргэж байна.