Өмгөөллийн Онч нүүдэл ХХН-ийн өмгөөлөгч Т.Багахүүгээс иргэдийн зайлшгүй мэдэх эрх, зарим хуулийн заалтын талаар ярилцлаа.

 

-Иргэд голдуу юун дээр алдаж залилангийн хэргийн хохирогч болоод байна вэ?

-Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд аливаа эд хөрөнгөтэй холбоотой харилцаанд орохдоо маш сайн анхаармаар байна.

Холбогдох албан ёсны баримтыг сайтар нягтлах, тодорхой лавлагаа мэдээллийг үндэслэж байх хэрэгтэй. Ихэнхи тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчид нь богино хугацаанд ахиу хэмжээний орлого олох, бичгээр гэрээ байгуулсан учраас гэсэн итгэж найдаж  хандсанаар хохирдог.

Гэтэл бичгээр байгуулж буй гэрээ бүр хууль ёсны байдаггүй.  Жишээ нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэтээр захиран зарцуулах гэрээ байгуулан залилсан тохиолдол бий. 


-Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд хэрхэн хохирлоо шийдвэрлэх боломжтой вэ?

-Эрүүгийн хуульд хохирол, хор уршгийг тодорхойлж өгсөн байдаг. Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол гэдэг бол үүний улмаас үүссэн үр дагаврыг хор уршиг гэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит хохирол, хор уршгийг тогтоож, түүнийг нөхөн төлүүлэх, арилгах хэмжээг тогтоож өгдөг. 

Эрүүгийн хэрэгт хохирсон иргэд бодит хохирлоо л тогтоолгож авдаг боловч учирсан хор уршгаа арилгуулах боломжтой эсэх талаар төдийлөн сайн ойлголтгүй учраас орхигдуулдаг явдал гардаг. Иймд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хуулийн ямар зохицуулалтын дагуу өөрийн зөрчигдсөн эрхээ хэрхэн яаж сэргээлгэх талаар ойлголттой байх хэрэгтэй байна.


-Жишээ нь залилуулж хохирсон иргэн олон байдаг. Энэ тохиолдолд яг ямар арга хэмжээ авдаг вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг битүүмжилж болдог. Мөн гэмт хэргийн улмаас алдсан эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулах бүрэн боломжтой. 

Ингэснээр хохирогчийн хохирол бүрэн төлөгдөх ач холбогдолтой юм. 

Жишээлбэл өөрийн автомашинаа бусдад залилуулсан тохиолдолд хяналтын прокурорт  хүсэлт гарган тухайн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулж цааш дахин зарагдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой тул тухайн хүсэлтийг даруй гаргаж байх шаардлагатай юм. 


-Хэрвээ залилагч этгээд хохирлоо төлнө гэвэл түүнд ногдуулах ял шийтгэл хөнгөрөх үү?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх боломжтой байдаг. Ийм тохиолдол хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж, шүүхээс хор уршгаа тодорхой хугацаанд арилгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж болдог.


-Гэмт хэргийн улмаас амь нас, сэтгэл санаа, нэр хүндэд учирсан эдийн бус хохирлын хэмжээг тогтоож, хохирлыг барагдуулж байна уу?

-Өнөөдөр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчид учирсан эдийн бус хохирол буюу амь нас, сэтгэл санаа, нэр хүндэд учирсан хохирлын хэмжээг тогтоож, нөхөн төлүүлэх зохицуулалт алга байна. Гэхдээ ийм зохицуулалт байхгүй гээд иргэд хохирч болохгүй. Харин дээрх хохиролтой холбоотойгоор  холбогдох баримтуудын хүрээнд хохирлын хэмжээгээ тодорхойлж нэхэмжилж байх хэрэгтэй.


-Эрүүгийн хуульд заасан иргэдийн төдийлөн сайн мэддэггүй хэрнээ амьдралд элбэг  тохиолддог ямар гэмт хэрэг байна вэ?

-Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сараас дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуульд иргэдэд төдийлөн хүрч чадаагүй зарим төрлийн гэмт хэргүүд бий.


-Жишээ татаж болох уу, ялангуяа цар тахалтай холбоотойгоор ялгаварлан гадуурхсан зөрчил нэлээн гарсан…?

-Өнөөдөр хүнийг эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж  эрхийг зөрчиж буй тохиолдол гарсаар байгаа нь үнэн.  Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг ялгаварлан гадуурхсан тохиолдолд 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг. 

Мөн Ковид-19 цар тахлын цаг үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг санаатайгаар зөрчиж бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал бүрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа. 

Иргэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд зааснаар нууцад хамаарахаас бусад асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлалгүйгээр мэдээлэл авах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй бөгөөд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, заналхийлж тухайн мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 14.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдог.


-Шинэ эрүүгийн хуулиар ял наймаалцах боломжтой болсон гэж яригдаж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Эрүүгийн хуульд заасан ихэнх гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлэхийн тулд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болсон. 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь гарцаагүй нотлогдох бол өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрснөөр урт хугацааны хорих ял, өндөр хэмжээний торгох ялаас чөлөөлөгдөх, эсхүл хөнгөрүүлэх боломжтой юм.


-Үүн дээр иргэд бараг мэдээлэлгүй шахам байгаа шүү дээ?

-Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн дээрх хуулийн зохицуулалтыг мэдээгүйн улмаас өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжийг ихээр алдаж байгаа харагддаг. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдал дээрдүүлэхээс гадна хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт тулд хуулийн энэхүү ажиллагааг өргөн хэрэглэх шаардлагатай юм. 

Жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлбэл ялаас чөлөөлөгдөх ч боломжтой юм.

Хэрэгт холбогдсон зарим иргэд дээрх хуулийн боломжийг ашиглаагүйн улмаас тухайн гэмт хэргийн ялын дээд хэмжээтэй дүйцэхүйц хорих ял эдэлж байгаа тохиолдол элбэг тул энэхүү хуулийн зохицуулалтын талаар ойлголттой байх хэрэгтэй.


-Эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг баривчилах, хорих үед эрхийг нь зөрчих тохиолдол хэр их ажиглагддаг вэ?

-Үндсэн хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах бүхий л процесс нь шүүхийн шийдвэрийн өмнөх шат байх тул тухайн үед шалгагдаж буй хүнийг хэн боловч гэм буруутай гэж хандах ёсгүй.

Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийг баривчлах, цагдан хорих зэргээр эрхийг хязгаарлахдаа гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл зарим тохиолдолд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарч байна. Жишээ нь хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж буй тохиолдолд баривчлагдсан үеэс хойш 24 цагийн дотор шүүх шийдвэрлэх ёстой. Харин уг хугацаанд шийдвэрлээгүй бол баривчлагдсан хүнийг суллах ёстой боловч зарим тохиолдолд илүү хугацаагаар баривчилж байна.


-Эрхээ мэдэхгүйн улмаас ямар хор хохирлыг амсаж байна вэ?

-Цагдан хорих арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг зайлшгүй оролцуулах ёстой. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг зайлшгүй танилцуулах үүрэгтэй. Иргэд дээрх хуулийн зохицуулалтыг төдийлөн сайн мэддэггүйн улмаас цагдан хорих үндэслэлийг тодруулж түүнийг үгүйсгэх баримтыг гаргах боломжоо алдаж эрх чөлөөгөө хязгаарлуулж байна.

Иймд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгч авч байх шаардлагатай. Хэн нэгэн албан тушаалтан нь цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй, эсхүл тухайн үндэслэлийг өмгөөлөгчид нь танилцуулаагүй бол шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангасны үндсэн дээр хорих, хорихоос татгалзах шийдвэр гаргах ёстой. Иймд дээрх хуулийн зохицуулалтыг мөрдөөгүйн улмаас хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байгаа юм.