Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 10.777.000 хүн өвчилж, 517.000 хүн нас баржээ.  

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 180.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 21.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор АНУ-д 43.000, Бразилид 46.000, Энэтхэгт 19.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд өвчлөл тогтвортой нэмэгдэж буйгаас эмнэлгийн ачаалал эрс хүндэрсэн. Мөн цэргүүдийн дунд өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Иймд тус улсын олон мужид дотоод, гадаад орчинд амны хаалт заавал зүүхийг шаардаж эхэлсэн байна. Онцгой байдлын шаардлага биелүүлээгүй тохиолдолд 500 хүртэлх доллароор торгох юмуу 180 хоног хорих шийдвэрийг зарим Хотын захирагч гаргажээ. 

Коронавирусийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор "Apple" компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болсон. Мөн Европын зарим оронд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Английн Лесторн хотод сургуулийн хүүхдүүдийн дунд өвчлөл ихээхэн гарч, тус улс анх удаа хөл хорионы хатуу дэглэмд шилжлээ. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.556 хүн шинээр өвчилж, 216 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 33-179 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 179 хүн өвчилж, нийт өвчлөл 4.605 болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол үүсэх хандлагатай болсон байна. Буриадад шинээр 33 хүн өвчилж, нийт өвчлөл 2.957 боллоо.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн ажиглалтад орж, 163 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2.331 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 77, жирэмсэн эмэгтэй 29, архаг хууч өвчтэй 261 хүн байна. Тэдэнд 42 их эмч, 53 ресидэнд эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.