Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 4 сая 250 мянган хүн өвчилж, 286 мянган хүн нас барсан. 1.5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.4 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд шинээр 72 мянган хүн коронавируст халдвар авч, 3000 гаруй хүн нас барсан байна. Тэгэхээр уг халдварын тархац өндөр эрчтэй хэвээр байна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 241 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан. Үүнээс "Шуурхай-19" үнэгүй аппликейшнээр гадаадын 6 улсаас 37 дуудлага ирсэн.

Хүмүүс маскаа зүүхгүй, анхаарлаа сулруулж байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл иргэдээс олон ирж байна. Иргэд анхаарлаа өчүүхэн төдий л сулруулах юм бол халдвар эрчтэй нэмэгдэж, өвчлөл голомтлон тархахыг ДЭМБ-аас анхааруулж буй. Мөн үүнийг манай улстай хөрш зарим оронд болж буй үйл явдал харуулж байна. 

Сүүлийн үед батлагдсан өвчлөлийн 43-53 хувиас нь шинж тэмдэг илрэхгүй байна. Улмаар маш олон хүнд халдвар тарааж байна. Дэлхийн эрдэмтдийн олон оронд хийсэн судалгаагаар коронавируст халдвараар олон хүн өвдсөн ч тухайн хүмүүст эсрэг бие, дархлаа тогтох нь ховор байна. Иймд хүн бүр коронавируст халдвар авах эрсдэлтэй гэдгийг бодож урьдчилан сэргийлэхийг онцгойлон сануулж байгаа.

Мөн хөл хорионы дэглэмийг бага зэрэг л сулруулахад яаж буйг Ухань хотын жишээ харуулж байна. БНХАУ болон Ухань хот коронавируст халдварыг хяналтдаа бүрэн авлаа гэж үзээд эрсдлийн зэргээ бууруулсан. Гэвч үүнээс хойш долоо хоногийн дотор нэг байранд 5 тохиолдол голомтлон гарсан байна. Мөн халдварыг бүрэн  хяналтдаа авсан гэж үзсэн БНСУ-д нэг залуугийн үйл явдлаас болж өчигдрийн байдлаар 62 хүн өвчилж, хоёр хүн нас барсан. Германд хөл хорио суларсны дараа өвчин эргэн нэмэгдэж байна. 

Иймээс бид огт тайвширч болохгүй. Маскаа тогтмол зүүх шаардлагатай" хэмээлээ.