Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өнөөдөр БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан  ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурав.  

Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн  сүлжээг өргөжүүлэх зорилгоор  байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл  хотоор дамжуулан гуравдагч улс уруу борлуулалт хийх, ачаа каргоны чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлуудын гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог юм. 

Өөрөөр хэлбэл, Сөүл хотын Инчеон олон улсын  нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсууд уруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. 

Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг,

Зорчигч үйлчлүүлэгчид нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.

Эх сурвалж: ЗТХЯ