"Сургуулийн автобус" үйлчилгээг 9 дүгээр сарын 21-нээс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэжээ. Тус үйлчилгээг өнгөрсөн оны 11 дүгээр сараас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд нэвтрүүлсэн ч коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэмийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхлээгүй байсан юм. Тэгвэл Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх долоо хоногоос хэвийн горимд шилжүүлж буй учир "Сургуулийн автобус"-ыг дахин явуулахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Өнгөрсөн 11 дүгээр сараас 40 автобус гаргаж, сурагчид нь хамгийн холоос зорчдог сургуулиудад "Сургуулийн автобус" үйлчилгээг нэвтрүүлсэн. Коронавирусийн улмаас сургуулийн үйл ажиллагааг зогсоох хүртэл тус үйлчилгээ үргэлжилсэн бөгөөд сурагчдын эцэг, эхчүүд ам сайтай байсан. 12 дугаар сарын байдлаар өдөрт 4.000 орчим хүүхэд "Сургуулийн автобус"-аар үйлчлүүлж байсан. Энэ үйлчилгээ үнэ төлбөргүй бөгөөд эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь харагдаж байна.

Иймд ирэх даваа гарагаас "Сургуулийн автобус" үйлчилгээг дахин эхлүүлнэ" хэмээлээ.

Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус" үйлчилгээнд гарч сурагчдад үйлчлэх аж.