НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөлөгчид өнөөдөр НИТХ-ын дарга Р.Дагвад сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Нийтийн сонсгол явуулах саналыг хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Энэ бол ямар нэгэн нам, улстөрийн акц биш. Улаанбаатарчуудыг нэг уушгитай гэж ярьдаг. Угаарын асуудал өнөөдөр хэрээс хэтэрлээ. Болж буй нөхцөл байдлыг бид хэвлэл мэдээллээс авч байна. Энэ олон мэдээллийг нэгтгээд ямар асуудлуудаа яаж шийдэх вэ гэдгийг хууль дүрмийн хүрээнд явуулахын тулд Нийтийн сонсголыг зайлшгүй явуулах ёстой. 

НИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө мэдээлэлгүй байна. Нийслэлийн болон төр засгийн удирдлагууд бүгд өөр өөр мэдээлэлтэй байна. Тавантолгой нүүрс компанийн зөвлөхүүдийн зүгээс ч олон асуудал ярьж байгаа. Агаарын бохирдлыг хариуцсан мэргэжилтэн өчигдөр мэдээлэл хийгээд бидний хэрэглэж буй зуухаар сайжруулсан түлшийг хэрэглэх юм бол цаашид хүний амь нас эрсдэх магадлалтай гэж ярьж байна. Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид нэгдээд Нийтийн сонсгол хийе гэж зорьж байна. Тал талын мэргэжилтнүүд, хэрэгжүүлж буй албанынхан, хохирогчид оролцож мэдээлэл хийгээд дүгнэлт гаргаад цааш хэрэгжүүлэх арга хэмжээгээ авах ёстой. 

Тэгэхгүй бол өнөөдөр бид энэ түлшийг хэрэглэснээр ямар үр дагавар гарах вэ гэдгийг мэдэхгүй цааш явуулаад байна. 

Хэрэв албанынхны хэлж буй шиг үүссэн асуудал нүүрснээс болоогүй байх юм бол агаарын бохирдлыг бууруулах энэ ажлаа зогсоож болохгүй. Тиймээс Нийтийн сонсголыг яаралтай явуулах ёстой. Үүн дээр төлөөлөгчид нэгдэж, асуудлыг хөндөж байна.

Агаарын бохирдлыг бууруулах газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гаргасан дүгнэлтээр Сайжруулсан шахмал түлшинд туршилт хийж үзэхэд коксжсон нүүрс учраас таталт муутай зуухаар түлэх юм бол эргээд ширэмлэх процесс явагдана. Үүнээс болж хүний биед хортой угаарын хий гарч байна гэдэг асуудлыг өчигдөр орой Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн н.Отгонбаяр ярьсан" хэмээлээ.