Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагт эхэллээ.  Санал хураалт 20:00 цагт дуусна. 

Энэ удаагийн  сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм. Иймд иргэн бүхэн өөрийгөө төлөөлүүлэн төрд ажиллах хүнээ судлан сонгож, заавал саналаа өгөх үүрэгтэй.

Энэ удаагийн сонгуулийн өмнөх сонгуулиудаас ялгаатай, сонгогчдын заавал мэдэх ёстой 5 зүйлийг хүргэж байна.

1. Сонгогчид аймаг, нийслэл болон сум, дүүргийн гэсэн хоёр сонгуульд нэгэн зэрэг саналаа өгнө. Саналаа хэрхэн өгөх заавар нь саналын хуудас дээр тодорхой байх учир зааврыг сайн анхаарч саналаа өгөх хэрэгтэй.

2. Өмнө нь сонгуулийн хэсэг бүрт ирц 50, түүнээс дээш хувьтай байснаар ирц бүрдэж сонгууль хүчин төгөлдөр болдог байсан бол шинэ хуулиар ирц хамаарахгүй.  Гэхдээ иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх үүрэгтэй.

3. Өмнөх бүх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагддаг байсан бол шинэ хуулиар санал авах цагийг багасгаж 20:00 цаг хүртэл болгосон. 

4. Санал хураах өдөр буюу 10 дугаар сарын 15-нд бүх нийтээр амарч, санал хураалт богиносгосон цагаар явагдах учир түгжрэл, дугаарлалт, цаг агаарын нөхцөл байдлыг тооцож сонгогчид саналаа эртхэн өгөх нь зүйтэй.

5. Сонгогчдын бас нэг анхаарах зүйл нь өмнөх сонгуулиудаар сонгогчид заавал мандатын тоотой тэнцүү тооны хүмүүс саналаа өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, хоёр мандаттай тойрогт заавал хоёр хүнийг дугуйлдаг, нэг хүнийг дугуйлахаар саналын хуудас нь хүчингүй болдог байсан. 

Энэ удаагийн сонгуулиар хоёр мандаттай тойрогт хоёр хүн дугуйлсан ч, нэг хүн дугуйлсан ч, нэг ч хүн дугуйлахгүй байсан ч саналын хуудас нь хүчинтэй, санал өгсөнд тооцогдоно. Зөвхөн мандатын тооноос олон хүнийг дугуйлбал саналын хуудас хүчингүй болно.