Шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргав. Улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлаар хэлэлцэх чухал хуралдаанд Улсын онцгой комиссын зарим гишүүн, сайд нар хойрго хандаж, хуралдаа ирээгүй хэмээн тус комиссын дарга Ө.Энхтүвшин шүүмжиллээ.

Тэрээр "Улсын онцгой комиссын гишүүдийн ирцийн талаар ярихгүй бол болохгүй байна. Ноцтой ийм асуудалд манай сайд нар хариуцлагагүй хандаж байна. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Д.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ТЕГ, ЦЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар алга байна, хуралдаанд ирсэнгүй. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гадаад томилолттой яваа гэж байна. Улсын онцгой комиссын хуралд ингэж хандахгүй шүү. Үүнээс чухал, ноцтой асуудал гэж байхгүй. Ийм тийм уулзалт, арга хэмжээтэй гэж ярьдгийг шалтгаан гэж үзэхгүй. Сүүлийн удаа анхааруулж байна. Өнөөдрийн хуралдаанд сайдууд нь байхгүй учир зарим зүйлийн тайлбарыг авч чадсангүй" гэдгийг онцлон хэллээ. 

Тус хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэвшүүлсэн коронавирусээс сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг олонх нь дэмжив. Тус шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.