Өмнө нь NBA-ын драфтын дараах танилцуулгын хурлыг нойрноосоо болж тасалж байсан Бостон Сэлтиксийн драфтын нэгдүгээр тойргийн сонголт болох Робэрт Уиллиамс Бостон хот руу нисэх нислэгээсээ хоцорч уржигдар болсон зуны лигийн бэлтгэлээ тасалжээ.

Түүний талаар “Бид түүнийг энд байгаасай гэж найдаж байлаа. Харамсалтай нь тэр нислэгээсээ хоцорчихож. Гэхдээ Мягмар гаригийн бэлтгэлд хамрагдаж, бэлтгэлээ эхлүүлэхэд нь талархан угтаж авна. Багийн залуус урам хугарсан байх. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн бүгд л эхний өдрөөсөө аятайхан эхэлчих юмсан гэж бодож байсан байх. Гэхдээ энэ асуудлыг бид баг дотроо зохицуулчихаж дөнгөх байх” гэж багийн зуны лигийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Жэй Ларранага сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

Драфтын үдэш Брүүклинд ирэхийн оронд Луйсана дахь Буффало Вайлд Вингс ресторанд гэр бүл, найз нөхдөөрөө драфтын үдшийг өнгөрүүлж, маргааш өглөөний хэвлэлийн бага хурлыг нь унтсанаасаа болоод эзгүйдүүлсэн Уиллиамсын талаар Ларранага “НБА-д орж ирж байгаа бүх рүүкий нар л өөрийгөө хөгжүүлж, боловсруулах хүсэлтэй байдаг байх. Зарим нэг хүмүүс, жишээлбэл Жэйсон Тэйтум шиг” хэмээсэн юм.

Жэйсон Тэйтум хэдийгээр зуны лигт тоглоогүй боловч багийн удирдлагуудын хүсэлтийг хүлээж авч, зуны лигийн бүрэлдэхүүнтэй бэлтгэлд нь оролцсон билээ.

Харин ахлах дасгалжуулагч Брэд Стивэнс “Түүнд сайн тоглогч болох боломж бий гэж боддог. Түүнтэй уулзах үеэрээ хэлж байсанчлан маш олон тоглогчдод сайн тоглогч болох боломж бий. Гэхдээ бэлтгэлдээ хэрхэн хандахаас л бүх зүйл шалтгаална шүү дээ” хэмээжээ.

Эх сурвалж: SPS