Өнгөрсөн долдугаар сард Афин хотын ойролцоо гарсан ой хээрийн түймрээс грекчүүдийн амийг аварсан хоёр египет, нэг албани загасчдад Грекийн иргэншил олгожээ. 

Тэдэнд иргэншил олгох ёслолын үйл ажиллагааны үеэр Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос үг хэлэхдээ, хэдэн арван хүний амийг аварч хүмүүнлэг бөгөөд эв санаа нэгдэлийг харуулсан гайхалтай үйлс хийсэн хэмээн загасчин гурван залууд талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Одоо та нар Европын иргэд болсон. Тиймээс Европын үнэ цэнийг ойлгодоггүй бусад хүнд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг зааж, сургах боломжтой боллоо” гэжээ. 

Долдугаар сард гарсан ой хээрийн түймрийн улмаас наад зах нь 90 хүн амиа алджээ. Хүчтэй салхиар өдөөгдсөн түймэр Аттика Хойгийн зарим хэсэг болон Майти тосгоныг дайран өнгөрсөн юм.  Нүдээр харсан хүмүүсийн хэлж байгаагаар, гал түрэн орж ирэх үед хэдэн зуун хүн тэнгис рүү зугтаж, зарим нь эргийн ойролцоо гацаанд орсон байна. 

Лхагва гарагт иргэншлээ гардан авсан Албани залууг Жейк Гани, харин Египет гаралтай хоёр залууг Ибрахим Махмуд Муса болон Эмад Аль Хайми гэж нэрлэжээ. Уг гурван загасчин Грекийн аврагчдын хамт хэдэн арван хүний амийг аварсан гэж Грекийн Дотоод хэргийн сайд Алексис Чаритис хэлэв. 

Нэмж сонирхуулахад, өнгөрсөн есдүгээр сард Мали гаралтай Мамуду Гассама гэх залуу тагтнаас унах гэж байсан хүүг аварсныхаа төлөө Францын иргэншилээр шагнуулсан юм. Түүнийг францчууд “хүн аалз” хэмээн хочилжээ.