Бид Хөвсгөл нуураа дэлхийд хосгүй, цэвэр цэнгэг, байгалийн үзэсгэлэнт гэхчлэн хэдэн үеэрээ магтаж ирсэн. Одоо харин энэ магтаалаа хайран, болохоо байлаа, сүйдлээ гэх үгээр баяжуулаад буй. Гэвч хэрхэн яаж, ямар байдлаар, хэн хэрхэн судалсан, яаж баталгаажуулсан гэдэгт шинжлэх ухаанчаар, туйлбартай хариу өгч, тууштай судалж, арга замаа тодорхойлж байгаа нь ховор. 

Энэ байдал удаан үргэлжилбэл Монгол шиг улс оронд Хөвсгөл нуур улс төрийн өгөөшөнд уул уурхайн баялаг шиг шидэгдсээр цөөнхийн өвөрт орно, эсвэл үлгэрт гардаг шиг өнгөрсөн цаг дээр дурсагдахад хүрч болзошгүй юм. Тэгвэл үүнээс сэргийлэх арга нь асуудалд шинжлэх ухаанчаар, ёс зүйтэй, алсын хараатай хандаж, гарц шийдлийг хамтдаа хайх болов уу. Үүнд хувь оруулах үүднээс Хөвсгөл нуурын усны чанарыг хянах зорилгоор гурван жил судалгаа хийсэн АХБ-ны төслийн багийн ахлагч, экологи, байгаль хамгааллын судлаач О.Батгэрэлийг ярилцлагадаа урилаа. 

“БОАЖЯ, АХБ хамтран Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжтайгаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийнхөө хүрээнд “Усны чанарын хяналтын хөтөлбөр” дэд төслийг 2017-2019 онд хэрэгжүүлсэн. Тус төслийн багийн нийт 30 орчим эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд бүгд монголчууд байсан бөгөөд гаднаас нэг америк эрдэмтэн зөвлөж оролцсон. Гурван жилийн хугацаанд Хөвсгөл нуураас давхардсан тоогоор 98 байршлаас усны хими, биологи, микро-биологи, хөрс, агаарын 1500 орчим дээж авч шинжилсэн. Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн усны чанарын 26 цэг, хөрсний гүний бохирдлыг хянах 6 цэгийг сонгож сар, улирал бүр тогтмол хянаж байна”

ХӨВСГӨЛ НУУР БОЛ МОНГОЛЫН ЦУС, ДЭЛХИЙН ТАРХИ НЬ 

-Анхандаа та бүхний үүрэг өмнөх  судалгаанууд дээр үндэслээд Хөвсгөл нуурын мэдээллийн санг бий болгох даалгавартай байсан гэсэн. Гэвч Хөвсгөл далайн судалгааны мэдээллүүд байгаагүй учраас нарийн судалгаануудыг хийж эхэлсэн тухай сонсож байсан л даа. 

-Тийм ээ. Биднийг нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагуудтай уулзахад бидний судалгаатай холбоотой нарийн мэдээлэл байгаагүй. Хөвсгөл нууранд 1800 оноос хойш өнөөдрийг хүртэл давтамжтай биш ч судалгаануудыг үе үе хийдэг байсан мэдээлэл бий. Гэтэл эдгээр судалгааны материал, үр дүнгүүд олдоогүй. Харин сүүл үеийн зарим нэг судалгааны үр дүн материалууд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны архивт хадгалагдан үлдсэнийг бид авч ашигласан. Гэвч энэ нь хангалттай байгаагүй. Мөн хамгийн удаан, тогтвортой хэмжилтийн материалыг Цаг уур, орчны шинжилгээний газрын архиваас авсан ч Хөвсгөл нуурыг илэрхийлж чадахаар байгаагүй. Ингээд манай багийнхан цоо шинээр маш дэлгэрэнгүй судалгаа хийх хэрэгтэй юм байна гэж шийдээд ажлаа эхэлсэн. 


-Хөвсгөл нуур монгол орны цэвэр цэнгэг усны гол нөөц, байгалийн өвөрмөц тогтоцтой онцгой сайхан газар гэх зэргээр бид энэ нуурын үнэ цэнийг ярьдаг. Та судлаачийнхаа хувиар Хөвсгөл нуурын үнэ цэнийг тодорхойлбол?  

-Энгийнээр хэлэхэд Хөвсгөл нуур өөрөө маш том цэнгэг уст усан сан. Хөвсгөл нуур нь Монголын гадаргын цэнгэг усны 70 хувь, дэлхийн гадаргын цэнгэг усны 2 хувийг дангаар эзэлдэг. Хүний биеийн 7О хувийг ус, 2 хувийг тархи эзэлдэг гэдэг шүү дээ. Иймээс Хөвсгөл нуур бол Монголын цус, дэлхийн тархи болчхоод байгаа юм. Олон улсын холбогдох мэдээллийн сэтгүүл, танин мэдэхүйн материалуудад дэлхийн хамгийн цэнгэг нуур нь Байгал гэж тодорхойлсон байдаг. Үгүй л дээ, миний хувьд бол Хөвсгөл нуур юм. Харьцуулсан судалгаа хийсэн ч ийм л хариу гарна. Нэг үгээр дэлхийн их гүрнүүд давуу талаа ашиглаж ийм мэдээлэл түгээж байна гэж ойлгодог. Ус өөрөө хамгийн өндөр цэгээс нам дор газар луу урсдаг. Нэгээс нөгөө рүү урсахдаа аливаа зүйлийг өөртөө уусгана. Ус анхны бүрэлдэн тогтсон газраа л хамгийн цэнгэг байдаг. Хөвсгөл нуураас гардаг ганц гол нь Эг гол. Эг гол урссаар Дэлгэр мөрөнтэй нийлж, Сэлэнгэ мөрөнд, Сэлэнгэ мөрөн Байгал нуурт цутгадаг. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын тэжээмжийн 60 хувийг бүрдүүлдэг. Ингээд бодохоор Хөвсгөл нуур дэлхийн хамгийн цэнгэг уст нуур гэж үзэх үндэслэлтэй. 

Дэлхийн ихэнх цэнгэг гол мөрнүүд мөстлөгийн үеийн үлдэгдэл, мөнх цас, мөсөн гол, цэвдэгийн хайлалтаас үүсч буй ус гэсэн үг. Дэлхийн уур амьсгал мөстлөгийн үеэс дулаарлын үе рүү маш удаанаар шилжиж байгаа. Үүнийг дэлхийн дулаарал гэдэг. Энэ бол байгалийн жам ёсны үйл явц. Гэвч энэ үйл явцыг хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр хурдасгаад байгаа юм. Үүний үр дүнд дэлхийн зарим хотууд ундны усны хомсдолд ороод байна. Хэрвээ энэ хомсдол даамживал дэлхий нийт хаанаас ундны усаа авч хэрэглэх бол?... Энэ л Хөвсгөл нуурын үнэ цэнийг илэрхийлж байгаа юм.

 

ЭКО ЖОРЛОН АШИГЛАСНААР ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ХӨРСӨН ДЭХЬ ШЭЭС, ШИВТРИЙН АГУУЛАМЖ 2 ДАХИН БУУРСАН  

-Хөвсгөл нуур орчмын хөл хөдөлгөөн, төвлөрөл, зүй бус хэрэглээ энэ бүс нутгийн байгальд, нуурын экосистемд хэрхэн нөлөөлж байгаа бол. Та бүхний судалгаа ямар хариу гаргасан бэ?  

-Энэ нуурын экосистемийн өөрчлөлтийг гурван жилийн хугацаатай судагаагаар шууд дүгнэх боломжгүй. Хөвсгөл нуур бол ультра олиготрофик нуур буюу органик бодисын агууламж багатай, ууссан хүчил төрөгч ихтэй газрын гүнээс тэжээгддэг маш том усан сан. Гэхдээ бидний эхлүүлсэн мониторингийн судалгаа цаашид тогтвортой үргэлжилснээр цаг хугацааны цуваа үүсч, улмаар өөрчлөлтийг илэрхийлж болно. 

Нуурын экосистемийн өөрчлөлтийг зөв тодорхойлсноор бид хамгааллын зөв арга хэмжээг авч хэрэгжүүлж чадна гэсэн үг. Эмчээр бол өвчнийг зөв оношилж чадна гэсэн үг. Гэхдээ энэ нь заавал өвдчихөөд байгаа гэсэн үг биш юм шүү.

Нөлөөллийг таамгаар л хэлэх боломжтой. Хөвсгөл нуурын Хатгал, Жанхай, Ханх орчмын эрэг дагуу олны хөл хөдөлгөөн ихтэй, суурьшил бий болсон гурван том байршил бий. Дээр нь нуурын баруун хойноос Их хороо гол цутгадаг. Энэ гол Ринченлхүмбэ сумын нутгаар дамжихдаа 1000 орчим малчин  өрхийг, тэдний мянга мянган малыг  ундаалдаг.  Гэтэл энэ нь эргээд сөрөг нөлөө үүсгэдэг.


-Малын нөлөө багагүй байх нь ээ?

-Мал ч гэсэн цэнгэг усны бохирдолд нөлөөтэй. Усан дотор баана. Тэр нь устай холилдоод усан дахь эрдэс, азот фосфорын агууламжийг нэмэгдүүлдэг. Олиготрофик усан сангийн усны чанар, бүтцэд хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл бол температур, азот, фосфорын агууламж. Усны температур нэмэгдэж азот, фосфорын агууламж өсөхөөр замаг бий болдог. 

Нарны нөлөөгөөр тухайн замаг эхлээд хүчилтөрөгч үйлдвэрлэнэ. Замаг амьд организм  учраас үхээд ялзрахаараа усан дахь ууссан хүчилтөрөгчийг задалдаг. Тэр үед тухайн орчинд хүчилтөрөгчөөр амьсгалдаг амьд организм амьдрах тохиромжгүй болно гэсэн. Энэ үйл явцыг эутрофикац гэж нэрлэдэг. Азот, фосфорын хамгийн гол эх үүсвэр нь хөрс, ургамалд бий. Хөрс угаагдаж нууранд орно, малын  баас ч мөн ус руу орно. Жуулчны бааз байгуулахын тулд газрыг сэндийлж байшин барьдаг. Гэтэл тэр нь борооны усанд угаагдаад нуур руу шууд ордог. Хамгийн том бохирдлын эх үүсвэр бол энэ.


-Тэр орчмын жорлонгийн сөрөг нөлөө хэр их байгаа бол?

Дараагийн бохирдлын эх үүсвэр бол биологийн бохирдол. Энгийн нүхэн жорлонгийн бохир доошоогоо хөрсөнд нэвчинэ. Хөрсөнд нэвчсэн бохирдол хөрсний гүнээр нэвчин нуурын усанд орно. Биднийг 2017 онд анх очиход Хөвсгөл нуурын эргийн 200м дотор 496жорлон байсан. Энэ нь Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын тооллогын дүн. Ингээд Орон нутгийн удирдах байгууллагууд, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хяналт шаардлага тавьж, МОН 9183 нэгдсэн төслөөс хуурай технологийн эко жорлонгын загвар, стандартыг боловсруулж өгснөөр нуурын эрэг дагуух нүхэн жорлонг халж, эко жорлонг хэрэглэх болсон. Бид нүхэн жорлонгийн нөлөөллийг дан ганц E.coli-гэдэсний бүлгийн савханцараар үнэлээгүй. Хөрсний гүн дэх аммонийн агууламжаар шалгасан. Энэ нь шивтэрийн шүү буюу шээс гэж ойлгож болно. 2017 онд Хөрсний гүн дэх аммонийн агууламжхамгийн ихдээ 4.8 мг/100гр буюу хэвийн хэмжээнээс 2.4 дахин өндөр буюу дунд зэрэг бохирдолтой байсан бол 2019 онд 2.091 мг/100гр болж буурсан нь эко жорлонгийн үр дүн юм. 

Мөн сайжруулсан шороон замаас үүсэх тоосжилт нэмэгдэнэ. 2017 оны 7 сарын 10-ны өдөр Жанхайн давааны замд хийсэн хэмжилтээр сайжруулсан шороон замаар хоёр цаг тутамд 500 автомашин явж өнгөрч байсан. Одоо ч нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй болов уу.  Шороон замын тоосонд азот, фосфор гээд олон төрлийн эрдэс бодис бий.  Машины хөдөлгөөнөөр агаарт дэгдсэн тоос  салхины нөлөөгөөр нуурын усан мандал дээр унадаг. Хамгийн өндөр давтамжаар загварчилж тоосонцрын хэмжээг тооцоход нуурын 1мкв усан мандал дээр 2 гр PM 1О ширхэглэгтэй  тоосонцор унаж байсан. PM 10гэдэг нь агаар дахь тоосонцорын ширхэглэгийн хэмжээ бөгөөд 10 микрон буюу ойролцоогоор хүний үсний ширхэгийг 5 хуваасантай тэнцэх хэмжээ юм.


-Олны хөл үймсэн, төвлөрөл ихтэй Хатгал, Жанхай орчмын нуурын  эргийн чулуу, ургамал нь бүрсийгээд, шороо тогтсон байдаг. Нөгөө гүн нь харагдаад байдаг цэнгэг байдал нь алдагдсан байдаг гэх үү дээ. Энэ орчмын ус хэрхэн бохирдсон байдаг юм бол?

 Яг энэ асуудлыг усны хими, болон биологийн аргаар үнэлж байгаа. Усны химийн арга гэдэг нь тухайн үед саванд хийгээд авсан  ус ямар байгааг илэрхийлдэг. Усны биологи гэдэг бол тэр усанд амьдарч байгаа амьтдынх мэдрэг байдал дээр үндэслээд 7-14 хоногийн усны өөрчлөлтийг илэрхийлдэг. Бид нэг цэгийн усны чанарыг үнэлэхийн тулд гурван том судалгаа  хийсэн. Биднийг судалгаа хийх үед тоосжилтоос илүү үерийн уснаас булингар бий болж байсан. Ихээр орсон борооны ус газрын хөрсийг угаагаад, тодруулбал жуулчны баазуудын хэврэгшсэн, хөрсгүй болсон талбайг угаагаад нуур луу оруулчихдаг. Ийм бохирдол нь нүдэнд ил харагдана. Саяхан “Агата” жуулчны баазын бохир орлоо гээд нийгмийн сүлжээгээр бөөн асуудал болсон. Гэтэл тус жуулчны баазаас 24 км-ын  төмрийн агууламжтай үерийн ус нуур руу цутгасан байсан. Борооны ус хуримтлагдсаар далан нь сэтэрч далай руу орсон гэсэн үг. Хөвсгөл нуурын зүүн эргийн голууд төмрийн агууламж өндөр учраас улаан өнгөтэй байдаг. Энэ нь байгалийн процесс боловч хамгийн гол нь жуулчны баазыг тэнд байгуулдаг нь буруу л даа.


Монгол Улсын болон олон улсын баримталдаг стандартуудаар шинжилгээ хийхэд Хөвсгөл нуурын уснаас бохирдол илрээгүй. Энэ бол та энэ усыг уугаад үхэхгүй гэдгийн баталгаа

Өнөөдөр Монгол Улсын болон олон улсын баримталдаг стандартуудаар шинжилгээ хийхэд Хөвсгөл нуурын уснаас бохирдол илрээгүй. Энэ бол та энэ усыг уугаад үхэхгүй гэдэг л баталгаа. Гэтэл тэнд явагдаж байж магадгүй маш бага өөрчлөлтийг  заавал урт хугацааны хэмжилт судалгаа хийж байж л илрүүлж чадна. Бид нуурын усанд магадгүй 10 жилийн дараа аюул үүсгэж болзошгүй зүйл байна уу гэдгийг илрүүлэхийн тулд элемент тус бүрээр нь шинжилж датагаа цуглуулж байна. 

Магадгүй мал орсон газраас дээж аваад шинжилсэн тохиолдолд гэдэсний бүлгийн савханцар илэрнэ. Түүгээр жишээлээд нуурын ус  бохирдсон байна гэж хэлж болохгүй. Гурван жилийн өмнө нуурын уснаас гэдэсний савханцар илэрсэн гэж яриад байсан асуудал ингэж л үүссэн. Тэр том усан сангаас ганцхан удаагийн дээж аваад ингэж дүгнэж болохгүй. Энэ нуур өөрөө асар том бассейн шүү дээ.

-Бид Хөвсгөл нуур дахь өнөөдрийн нөлөөллийг ярилаа. Харин өнгөрсөн хугацаанд шатахуунтайгаа живсэн олон машинууд нуурыг бохирдуулах хамгийн том аюул гэж зарим нь сануулдаг. Энэ тал дээр судалгаа хийж үзэв үү? 

1990 ээд оныг хүртэл Монгол улс нефтийн бүтээгдэхүүнийг Хөвсгөл нуураар зун усан онгоцоор, өвөл мөсөн дээгүүр цистерээр зөөж тээвэрлэдэг байсан. Албан бус тоогоор 4О-60 орчим тээврийн хэрэгсэл живсэн гэж үздэг. Үүний хэд нь дотроо шатахуунтай, хэд нь өөр төрлийн машин байсныг амаар л хэлдэг. Манай судалгааны баг нутгийн сайн туршлагатай далайчныг дагуулж хамгийн сүүлд, 1985 онд шатахуун тээвэрлэж яваад живсэн хоёр машины  унасан гэх газрыг заалгасан.  

Тэр хавийн уснаас нь дээж авч шинжилэхэд нефтийн бүтээгдэхүүн илрээгүй. 

Тэгвэл хамгийн багадаа 5 тн шатахуунтай, зарим нь чиргүүлтэй шатахуунтай тэдгээр машинууд хаана байгаа вэ? 

Тэдгээр шатахуунууд алдагдаад дууссан уу, эсвэл вакум орчинд байгаа юу. Энэ маш том асуудал. Хөвсгөл нуурын нэг онцлог нь баруун эргээрээ их хадархаг. Хэрвээ тэр машин хөвж яваад очоод хаданд цохиж хагарвал яах вэ? Эсвэл тухайн газраа ёроолдоо живсэн үү, нефтьтэйгээ байгаа юу... Үүнийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. 


-Юуны үндсэн дээр шатахуунтай машин хөвж яваад хад мөргөж болзошгүй гэж үзэж байна вэ?

-Хөвсгөл нуурын талбайн 70 хувь нь 100м –ээс дээш гүнтэй. Нуурын гүн өөрийн гэсэн даралттай. Цистерн бүр бас өөрийн гэсэн даралттай. Иймд магадгүй 100, 200 метрийн гүнд доод ёроолд нь хүрэхгүйгээр хөвж байх магадлалтай. Энэ орчинд байгаа тохиолдолд хөвж явсаар хад мөргөх магадлалтай. Зарим нь 60 орчим машин живсэн ч гэдэг юм билээ. Тэгвэл эдгээр машин техник яг хаана, ямар байдалтай байна вэ гэдгийг судлах  нь маш чухал. Ойролцоогоор 2015 оны үед Японы эрдэмтэн Кумагая гэж хүн ирж энэ судалгааг хийсэн юм билээ. Тэр хүнд манайхан шатахуунтай машин хаана байгааг мэднэ гэхээр нь хайгуулын биш, уснаас техник гаргадаг  роботтой ирсэн байгаа юм. Их удаан, бахим том робот байсан гэсэн. Тэр нь удаан хөдөлгөөнтэй дээр нь Номхон далайд ашигладаг робот байсан учир Хөвсгөл нуурын хүйтэн усанд царцаад, бас зориулалтын биш болохоор хайгаад олоогүй гэсэн.  Ер нь нуурын ус 4 градусаас доош хөлдөж эхэлдэг. Нарны гэрэл нэвчихгүй, ямар нэгэн дулааны эх үүсвэр байхгүй учраас 30 м-ээс доош гүнд 4 градус байх магадлалтай.  Гэтэл номхон далайн усны дулаан  12 C градус байдаг. Тэгэхээр бид машинуудын байрлалыг тогтоосон тохиолдолд гаргах боломжтой гэж үзэж байгаа.  


-Машин татаж гаргалаа гэсэн мэдээ дуулддаг. Энэ аргаар шатахуунтай машинуудыг татах боломжгүй гэж үү?

-Одоогоор манайхан эрэгтэй ойрхон живсэн бага оврын машинуудыг л татаж гаргаж байсан туршлагатай. Ер нь Хөвсгөл нуурын 23-24 м хүртэл гүн нь л харагддаг. Гэхдээ Хөвсгөл нуурын гэрлийн нэвтрэлт, гүний харагдах байдал нь  маш сайн.  Зарим нуур 20-30 см-ээс цааш харагддаггүй. Хэрвээ Хөвсгөл нуурын усны ихэнхийг цутгал голууд бүрдүүлдэг байсан бол үүнээс дулаахан байх ёстой л доо.  Гэтэл зун цагт гүн рүүгээ 4-8 градус байна гэдэг бол гүнээс ус нь оргилж гарч ирж байгаа гэсэн үг. Зарим судлаачдын аман яриагаар Хөвсгөл нуурын гүнд их том ус оргилж байдаг гэх юм билээ. Ер нь манайд усны гүний хайгуул хийхэд хэцүү. Ганц далайн захиргаатай газар нь Хатгал тосгон. Тэндхийн далайчид 20-30 метрийн гүнд л шумбана. Бид усны гүний дээж авагчаар 30 м-ийн гүн дэх усны температурыг үзэхэд  6-8 C градус байсан.


-Нуурын усыг шинжилж үзэхэд нефть илэрч байсан уу?

-Мөн манай баг Ханх, Хатгалын нефтийн гүүр буюу зогсоол, мөн өөр хоёр газраас усны дээж авч шинжлэхэд Ханхын нефтийн гүүр орчмын нуурын уснаас нефтийн бүтээгдэхүүн илэрсэн. Энэ шинжилгээг ШУА-ийн Химийн хүрээлэнгийн тусгай багажаар тусгай зориулалтын аргаар шинжилсэн. Ингэхэд Ханхын нефтийн гүүр орчмийн хөрснөөс шатахуун бохирдол илэрсэн.  1960-1990 оны үед шатахуун зөөж байх үед бохирдсон бохирдол одоог хүртэл хадгалагдаж байна гэж үзсэн.Тухайн үед оросууд тэр хэсгийг хариуцдаг байсан гэсэн.

ХАМГААЛНА  ГЭДЭГ ЦООЖЛОХЫН НЭР БИШ 

-Гурван жил судалгаа хийсэн судлаачийн хувьд Хөвсгөл нуур тойрсон өнөөгийн үйл ажиллагаа, нэг үгээр “ашиглалт” нь хэвийн байна уу, эсвэл өөр арга зам хайх хэрэгтэй юу?

-Хамгаална  гэдэг цоожлохын нэр биш л дээ. Тэнд хүн амьдарч, үйл ажиллагаа явагдаж байна. Тиймээс маш зүй зохистой ашиглах ёстой. Мэдээж жуулчны баазууд байх ёстой. Хамгийн гол нь дэд бүтцийг нь шийдэх, хандлагыг нь өөрчлөх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг  өндөржүүлэх шаардлагатай.  Шашины сүсэг, зан үйлээсээ эхлээд л өөрчилмөөр зүйлүүд маш олон. Хүслийн хаданд гэхэд л сүү, архи, чихэр боовоо өргөж байна гээд цацчихдаг. Гэтэл бороонд угаагдаад далай руу орж бохирдуулдаг. Та өөрөө далай руу  шууд хийгүй ч дам байдлаар бохируулаад байна гэсэн үг. 


-Тусгай хамгаалалтын хангалттай ажиллаж чадахгүй байна уу даа?

Би Хөвсгөлийн Тусгай хамгаалалтын газрыг муу ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Хэдхэн хүн хамгаалах гэж аль байдгаараа л хичээдэг. Хөвсгөлд мөсний баяр болдгийг та бүхэн мэдэх байх. Бид 2018 онд мөсний баяр болохын өмнө, болсны дараа яг тухайн газрын мөснөөс дээж авч харьцуулан шинжлэхэд ахуйн гаралтай азотын бохирдол /аммони, нитрит, нитрат/ мөснөөс илэрсэн. Тиймээс байршлаа өөрчилж нуурын захад баяраа хийх зөвлөгөөг орон нутгийн удирдлагууд хүлээн авч, 2019 онд мөсний баярынхаа байрлалыг өөрчилж эрэг орчимтойгоо ойрхон газрыг сонгож хийж байсан. Ингээд тухайн жилийн судалгаагаар бохирдол илрээгүй.


-Жижиг юм шиг хэрнээ санаа зовоогоод байгаа зүйл бас байна аа. Ганц Хөвсгөл ч биш, бүхий л нуурын усанд манайхан хөлстэй биеэ угаагаад, тэр битгий хэл хувцастайгаа шууд  орчихдог, саван шампуниа хөөсруулж байгаад тухладаг ш дээ. Энэ нь нуурын усны бохирдолтод хэр нөлөөтэй вэ?

-Нэг удаа усанд орж, үс угааснаар нөлөөлөх бохирдол бага. Гэхдээ огт нөлөөгүй гэсэн үг биш л дээ.  Хамгийн гол нь цэгэн бохирдол гэж байгаа. Өдөрт тогтмол 10 хүн усанд ордог душны бохир нь байнга нуур руу нэвчдэг бол бохирдлыг илүү бий болгоно. 

                    

-Дэлхийн дулаарлын нөлөө Хөвсгөл нуурт хэрхэн нөлөөлж, ямар үйл явцыг бий болгож байгаа бол?

-Тандан судалгааны аргаар NASA-аас гаргасан MODIS хиймэл дагуулын тоон мэдээлэлд ашигладаг шинэ алгоритмаар тооцоолол хийж үзсэн. Усан дахь хлорофил агуулсан организмын нягтшилыг гаргаж ирдэг. Замаг байгаа тохиолдолд  ялгаж харуулна гэсэн үг. Би 1998-2019 он хүртэл  нийт 20 жилийн датанд анализ хийж динамикийг нь гаргасан. ДЭМБ-ийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу өөрчлөлтийн  жишиг харьцаагаар үнэлэхэд Хөвсгөл далайд маш бага өөрчлөлт орж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бага талбайтай гүн нууранд өөрчлөлт ингэж бага гарсан байж болзошгүй. Энгийнээр тайлбарлавал аягатай ус болон хувинтай усанд халбага давс хийхийн ялгаагаар тайлбарлаж болох юм.


-Та бүхний судалгаан дээр үндэслээд Хөвсгөл нуурын экосистемийн иж бүрэн датамэдээллийн сан  бий болох юм байна гэж ойлголоо. Одоо судалгаа үргэлжлэх үү?

-Яг үнэн. Бидний хийсэн судалгааны үр дүн, дата дээр үндэслэсэн Хөвсгөл нуурын экосистемийн судлгааны мэдээллийн сан бий болно. Бид нуурыг тойроод,  эрэг дагуу нийтдээ давхардсан тоогоор 98 цэгээс (нэг удаагийн судалгаанд хамгийн ихдээ 98 цэг гэсэн үг) авсан дээжүүдээсээ 1500 орчмыг нь шинжилсэн. 26 цэгийг улирал болгон, 6 цэгийг сар болгон тогтмол хянаж, хэмжилтийг тогтмол хийхээр хөтөлбөр зохиосон. Энэ ажлыг үргэлжлүүлэхээр Хөвсгөл аймгийн УЦОШТ-ийн харьяа Нуур судлалын өртөөнд судалгааны зориулалттай лаборатори байгуулж өгсөн. Энэ лабораторийг 150 орчим сая (АХБ -аас 45000 ам.доллар,манай компани 25 сая) төгрөгөөс бүрдсэн гурван жил хэрэглэх бодис, урвалж, багаж, тоног төхөөрөмж, ширээ сандал зэргээр хангаж өгсөн. Одоо нэг инженертэй байнга ажиллаж байна. Ирэх оноос техникийн ажилтантай болох байх. Нуурын дөрвөн харуул өдөр бүр хэмжилт хийж, дээжүүдийг авч ажилладаг учраас эднийх тогтмол ажиллах бололцоотой байгууллага юм. 


-Энэ мэдээллийн сангаа УЦУОШГ-ийн мэдээллийн сантай холбоно. Биднээс өөр баг, мэргэжилтэн Хөвсгөл нуурыг судалсан тохиолдолд тухайн мэдээллийн санд мэдээллээ оруулаад явна гэсэн үг.  

-Ер нь Хөвсгөл нуурт маш олон судалгаа хийсэн байдаг ч архивын материал байдаггүй. Зарим нь өөрийнхөө хөрөнгөөр хийсэн гээд датагаа аваад явчихдаг. Дээрээс нь би энэ датагаа алдахгүй гээд нуучихдаг.  Уул нь тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа  шинжилгээ хийх тохиолдолд гурвалсан гэрээ хийх ёстой. Зарим нь хийдэг ч төрийн захиргааны удирдлагын тогтворгүй байдал шинжилгээ судалгаанд их нөлөөлж байна. 

Намайг 2017-2020 он хүртэл Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газартай хамтарч ажиллахад ХТХГ-ын дарга нь гурав, Ус цаг уурын төвийн дарга нь хоёр, сав газрын дарга дөрөв солигдсон. Нэг даргатай нь уулзаад ойлголцоод ажлаа эхлэх гэтэл дараагийн шинэ дарга ирчихсэн байдаг. Дарга нар тогтворгүй байгаа нь үнэхээр хүнд. 

Баярлалаа.